logo
Хятадад цаазлуулсан ялтнуудын цогцсыг

Хятадад цаазлуулсан ялтнуудын цогцсыг "хөндөхөө" болино

2013/08/19
Хятад улс ирэх 11-р сараас эхлэн цаазаар авахуулсан ялтнуудын эд эрхтнийг авдаг практикийг хална гэж тус улсын засгийн газрын албаны хүн мэдэгдлээ. Хуан Жиэфүгийн хэлснээр үндэсний хэмжээнд мөрдөгдөж эхлэх шинэ хууль журмын дагуу эмнэлгүүд сайн дурын доноруудын хандивласан эрхтнийг хэрэглэх юм байна. Өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг нийт эрхтэний гуравны хоёрыг ялтнуудаас "авдаг" тухай Хятадын төрийн мэдлийн телевизээр мэдээлж байжээ.
Дундад Улсын удирдлагууд цаазаар авахуулсан хоригдлуудын эрхтэнийг авдаг практикаа олон жилийн турш тас нууж байсан ч хэдхэн жилийн өмнө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн юм. Төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Хятадад жилд дунджаар 300,000 өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болдог ч тэдний 10,000 –д нь л "донор" олддог аж.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой асуудлыг хариуцдаг, мөн хамгийн шилдэг мэс засалчдын нэг болох Хуан Жиэфүгийн хэлж байгаагаар эмнэлгүүд ирэх 11-р сараас эхлэн сайн дурын доноруудын эрхтэнг мэс засалдаа ашиглах юм байна. Хуан түүнчлэн төрийн мэдлийн Global Times сонинд өгсөн ярилцлагадаа "эрхтэн хандивлах тохиромжтой тогтолцоог" бий болгох цаг болсон гэдгийг онцолжээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар манай урд хөршид жилд олон мянган хүнийг цаазлан хороодог ч яг хэдэн хүнд ялын дээд хэмжээ оноодог нь төрийн нууц хэвээр байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш