Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар энэ сарын 15-ны өдөр Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Асиф Али Зардарид итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Элчин сайд Ц.Сүхбаатар нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерөнхийлөгч Асиф Али Зардари Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдон, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэн, олон жилийн уламжлалт харилцаатай хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Элчин сайд Ц.Сүхбаатар Ноён Ерөнхийлөгч Асиф Али Зардарид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг уламжилж, Монгол, Пакистан хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулж, хоёр улсын ард түмний эрх ашгийн төлөө улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрээр хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /CAREC/ зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг судлах, хоёр улсын түүх, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.