logo
Нарантуул худалдааны төвийн замыг Лхагва гарагт нээнэ

Нарантуул худалдааны төвийн замыг Лхагва гарагт нээнэ

2013/08/19
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор  Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас “Нарантуул” худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ шууд нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс, Нарантуул худалдааны төвийг Даваа, Мягмар гарагт амрааж, замын ажлыг хийхээр төлөвлөжээ. Гэтэл “Нарантуул” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Бидний эрх ашгийг хохироосон ноцтой асуудал” хэмээн  эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ асуудлаар  нийслэлийн Засаг даргын Зам , тээвэр, дэд бүтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өнөөдөр “Нарантуул”  захад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зогсоолын талбайг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь  та бүхний эрх ашгийг хохироож байгаа үйлдэл биш. Харин ч “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний эрчмийг сайжруулснаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэрэг гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ бол та бүхний ч эрх ашиг, иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн явдал юм. Түүнчлэн “Нарантуул” худалдааны төв долоо хоногийн Мягмар гарагт амарч бусад өдрүүдэд ажилладаг. Харин бид долоо хоногийн эхний 2 өдөр Нарантуул захыг амрааж, замын ажлаа явуулахаар шийдвэрлэсэн.  Энэ нь “Нарантуул” зах нэг өдөр л ажиллахгүй гэсэн үг. Тиймээс энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзээсэй гэж би та бүхнээс хүсэж байна” гэсэн юм.  Нарантуул худалдааны төвд  худалдаа үйлчилгээ эрхлэгчид замыг хэлсэн хугцаандаа засаж, зорчих хэсгийг нээх ёстой. Хэрвээ 2 өдрөөс илүү зам хаавал  “Нарантуул” худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хохироосон хэрэг болно. Тиймээс та бүхэн бидэнд баталгаатай хугацаа өгөх хэрэгтэй гэлээ. Ингээд  энэ сарын 21-нд Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас “Нарантуул” худалдааны төв хүртэлх замын зорчих хэсгийг нээж,  21-ний Лхагва гарагаас эхлэн “Нарантуул” худалдааны төв ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш