logo
Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд айлчилж байна

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд айлчилж байна

2013/08/20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррей Маккали энэ сарын 20-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
 


 

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, бүс нутгийн болон олон улсын тавцанд бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.
 

Монгол, Шинэ Зеландын харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын харилцан ойлголцол, харилцаа нэн чухал болохыг тэмдэглэж, эхний ээлжинд дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлыг хоёр тал судлан ажиллахаар тохиролцов.
 

Хэлэлцээний үеэр Монгол Улсад ажиллах өөрийн Өргөмжит консулыг ойрын хугацаанд томилон ажиллуулахаа Шинэ Зеландын тал албан ёсоор мэдэгдлээ. Сайд Маррей Маккали хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухлыг тэмдэглээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг Шинэ Зеланд Улсад айлчлахыг урив.
 

Хэлэлцээний төгсгөлд, сайд нар Монгол, Шинэ Зеландын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд зориулан мэдээлэл хийлээ.
 

Сайд Маррей Маккали Шинэ Зеландын хөгжлийн тэтгэлгээр тус улсад боловсрол эзэмшсэн, мөн төрийн албан хаагчдад зориулсан Шинэ Зеландын англи хэлний төрөлжсөн сургалтанд хамрагдсан монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Тэрээр мөн өдрийн үдээс хойш Хүнс, хөдөө ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай уулзана.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш