logo
Ажлын хэсэг, судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага болов

Ажлын хэсэг, судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага болов

2013/08/20

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага өнөөдөр Төрийн ордонд болов.

  Уулзалт, ярилцлагад Ажлын хэсгийн зарим гишүүд болон Судалгааны багийн судлаачид, мөн АНУ-ын Калифорнийн их сургууль, Хуулийн сургуулийн судлаач профессор Томас Гинсберг оролцож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын үр нөлөө, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа талаар саналаа бодлоо солилцов.

   Энэ үеэр судалгааны багийнхан “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн туршлагыг үнэлэх нь” сэдвээр хийх судалгааны ерөнхий тоймоо танилцуулсан юм. Коммунист дэглэм задран унаж ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт эхэлснээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын олсон ололт амжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хариуцлага бүхий ардчилсан тогтолцоог улам боловсронгуй болгоход ямар асуудал тулгамдаж байгааг тодорхойлох шаардлага тулгарч байна. Ийм үнэлгээг хийхэд 1992 онд батлагдсан Үндсэн хууль, үүний дотор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зэрэгцээ Үндсэн хууль нь Монгол Улсын өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэж байгаа эсэх, цаашид ардчиллыг гүнзгийрүүлэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг авч үзэх шаардлагатай байгаа юм.

   Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хууль болон одоогийн институцийн хүрээ, Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх 20 жилийн үйл явцад бий болсон сургамжийг цогц байдлаар судалсны үндсэн дээр хуулийн, эрх зүйн болон институцийн шинэтгэлийг хийхэд авч үзэх гол асуудлуудыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, бусад оролцогч талуудтай хэлэлцүүлэг явуулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүссэн байна.

   Энэ дагуу судалгааны баг Үндсэн хуулийн гол багана-төрийн байгуулал, эдийн засгийн дэглэм, шүүх эрх мэдэл, хүний эрхийн асуудлуудыг Үндсэн хуулийг анх боловсруулахад баримталсан зарчмууд, нийгэм дэх хүлээлттэй харьцуулан судалж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олсон ололтод үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа аж. Тус багийнхан эхний ээлжинд судалгааны аргачлал, хамрах хүрээ, тоймыг боловсруулан энэ оны 9-11 дүгээр саруудад нэгдсэн судалгаа явуулсны дараа сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт семинарууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

  Уулзалт, ярилцагад оролцсон УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Цог, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар судлаачидтай санал бодлоо хуваалцав. Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монгол Улсын нийгмийн өнөөгийн харилцааг зохицуулж чадаж байгаа, ард түмний санаанд нийцсэн боломжийн сайн хууль болсон. Гэхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр зарим нэг зүйл, заалтыг өнөөгийн нийгмийн харилцааны нөхцөл байдалтай уялдуулан эргэн харах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Иймээс асуудалд судалгаа шинжилгээний үндсэн дээр нухацтай хандах учиртайг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа

   УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уулзалт, ярилцлагыг хааж хэлэхдээ, Үндсэн хуулийг анх боловсруулж батлахдаа бодож төсөөлж байсан үзэл баримтлал яаж хэрэгжиж байгааг анхаарах, 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нөлөөллийн хандлагыг авч үзэх, төлөөллийн болон шууд ардчиллын хэмжээ зааг, төр болон улс төрийн намууд хоорондын харьцаа, ялангуяа намын нөлөөллийг багасгах чиглэлд анхаарах, мөн сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж буй эсэхийг судалгааны үндсэн дээр нухацтай авч үзэх хэрэгтэй байгааг судлаачдын багийнханд зөвлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш