Сирийн засгийн газрын хүчнийхэн лхагва гарагийн өглөө нийслэл Дамаск хотын ойролцоо химийн бодис бүхий пуужин харваж 650 гаруй хүний аминд хүрлээ гэж сөрөг хүчний идэвхтнүүд мэдээлэв. Мөн тэд бие нь татвалзаж, арайхийн амьсгалж байгаа хүмүүсийг харуулсан бичлэгийг "Youtube" сайтад тавьжээ. Харин засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэж, "Энэ бол НҮБ-ын шинжээчдийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн оролдлого" гэж мэдэгдсэн байна. Ямартай ч Сирийн сөрөг хүчнийхний өгч байгаа энэ мэдээлэл үнэн бодит эсэх нь эцэслэн батлагдаагүй байна гэдгийг барууны эх сурвалжууд онцолж байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн ням гарагт Сирид хүрэлцэн ирсэн бөгөөд тэд Хан ал-Асал болон бусад хоёр хотод химийн зэвсэг ашигласан эсэхийг мөрдөн шалгах гэж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/