2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс “Нийтийн тээврийн үнэ 500 төгрөг боллоо” гэсэн ташаа мэдээлэл цахим мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Энэхүү мэдээндээ баримт болгон нийтийн тээврээр зорчих тасалбар 500 төгрөг гэсэн зургийг оруулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-ууд нь нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр зорчигч тээвэрлэх эрхтэй болдог. Гэрээнд үнийн тарифын талаар тодорхой заасан байдаг бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд хот дотор их багтаамжийн автобусаар зорчихдоо том хүн- 400, хүүхэд-200, хот орчмын их багтаамжийн автобусанд том хүн 500-2200 төгрөг, хүүхэд 200-1200 төгрөг байхаар тогтоосон байдаг. Тиймээс олон нийтийн сүлжээгээр тарж байгаа зураг нь хот орчмын их багтаамжийн автобусны тасалбар юм. /Тасалбарын зурган дээр “ХОТ ОРЧМЫН” гэсэн бичиг байгаа нь тод харагдаж байна/
Нийслэлийн Тээврийн газраас энэхүү ташаа мэдээллийн эх сурвалжийг тодруулж, хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан тоотыг нийслэлийн Цагдаагийн газар болон Монголын сайтуудын холбоонд хүргүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.