Зураг болон дүрс бичлэгээр баталгаажсан торгуулийн хуудас тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүрдэг болоод гурван 7 хоног болж байна. Энэ хугацаанд нийт 9 966 зөрчил Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэгджээ. Торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд тушаах ёстой бөгөөд нийт 3 356 жолооч торгуулиа төлсөн байна. 2013 оны 8 сарын 21-ний байдлаар нийт 9 966 торгуулийн баримтжуулсан хуудас тараагдсанаас хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 639 торгуулийн хуудас Замын хөдөлгөөний удирдлагын төвд буцаж иржээ. Журам хэрэгжиж эхэлсэн эхний өдөр хурд хэтрүүлсэн 413, улаан гэрлэн дохио зөрчсөн 90, нийт 503 зөрчил бүртгэгдэж байсан бол 8 сарын 20-ны байдлаар хурд хэтрүүлсэн 168, гэрлэн дохио зөрчсөн 31, нийт 199 зөрчил бүртгэгдсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.