Уулзалтын эхэнд Д.Эрдэнэбат дарга Япон Улсын Парламент дахь эрх баригч Либерал ардчилсан намын найрамдлын бүлгийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочилохыг хүслээ. Тэрээр цааш нь 1990-ээд оны үе дэх Монгол Улсын шилжилтийн эдийн засгийн үеийг Япон Улсгүйгээр төсөөлөх аргагүй юм гэдгийг онцлоод энэ удаагийн уулзалт нь хоёр орны парламентын бүлгийн харилцааг улам бататгахад чухал ач холбогдолтой юм гэдгийг хэлэв.
Энэ удаагийн айлчлалаараа өөрийн орны парламентын болоод хувийн хэвшлийн төлөөлөгчдийг оролцуулсан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйгаа ноён М.Хаяаши дурдаад хоёр орны нийгэм, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, юуны өмнө дадлагажигч оюутнуудыг харилцан солилцож олноор сургах, Японы компаниудын зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны хүрээг улам тэлэхэд хамтарч ажиллах санал тавилаа. Мөн эрүүл мэнд, спортын салбарт ч хамтран ажиллах ихээхэн боломж бий гэдгийг төлөөлөгчид дурдав.
Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монгол, Япон орны найрамдалт харилцаа цаашид улам бэхжиж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.