Мөн Ерөнхий сайд Ш.Абэ-гийн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу хоёр тал Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын жилүүдийн төлөвийг тодорхойлох зорилготой “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж буйг дурдаад ирэх 9 дүгээр сард Япон Улсад хийх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хөтөлбөрт гарын үсэг зурахаар бэлтгэлийг ханган ажиллаж байгааг танилцууллаа. Түүнчлэн эдийн засгийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж идэвхжүүлэх зорилго бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг ойрын үед байгуулахыг чухалчлаад ирэх сарын 16-нд хуралдахаар тов нь зарлагдаад байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын шинэ хуультай болох талаар төлөвлөж буйг хэллээ. Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль батлагдахыг онцлов.
Ноён М.Хаяаши үүнд талархалтай байгаагаа илэрхийлээд манай хувийн хэвшлийн пүүс, компаниуд сэтгэл амар хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаад баяртай байна гэдгээ хэллээ. Мөн манай хоёр улс Засгийн газрын хэмжээнд өндөр дээд хэмжээний түншлэлтэй. Цаашид парлемент хоорондын харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Япон-Монголын найрамдлын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг байнгын байлгахад эрхэм УИХ-ын дарга таныг анхаарлаа хандуулана гэдэгт найдаж байна гэлээ. Түүнчлэн Япон Улсын дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглан хамтран ажиллах бүхий л боломж байгааг дурдаад өөрийн улсад оюутан суралцуулах боломжтойг УИХ-даргад дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Япон-Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсээд Монгол оронд тавтай саатахыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.