Улсын Их Хурлын үйл ажиллагааны 2012-2016 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганд өргөн барих юм. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2012 оны А-72 тоот тушаал батлагдан гарч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийт, мэргэжлийн багийн гишүүдээр хэлэлцүүлж, оролцогч талуудын саналыг тусгахаар ажиллаж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Хөвсгөл, Булган, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны удирдлага, байгаль хамгаалагчид болон тусгай хамгаалалттай газар нутаг бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, байгаль хамгаалагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Дашдаваа, Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэн, НҮБ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний зөвлөх Б.Галрагчаа нар удирдан явууллаа. Энэ үеэр Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Улаан тайгын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Зэд, Хантайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Тарвагатайн нурууны хамгаалалтын захиргааныхан болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл харилцан санал солилцож, хуулийн төсөлд тусгах заалтууд, зарчмын асуудлуудаа ярилцсан юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн үүрэг оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, байгалийн нөөц баялгийг зөв зохистой хэрэглэх, олон нийтийн оролцоонд тулгуурласан байгаль орчны менежментийг тусгай бүлэг болгон оруулсан нь ач холбогдолтой болсон гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс гадна уг хуулийг дагалдан батлагдах журмуудыг орон нутгийн иргэд, байгаль хамгаалах байгууллагынхнаар хэлэлцүүлсэн нь ач холбогдолтой болсон юм.