logo
Барууныхан Сирийн хувь заяаг шийдэх үү?

Барууныхан Сирийн хувь заяаг шийдэх үү?

2013/08/29
Сүүлийн үед барууны улсууд Сирийн асуудлаар илүү "өндөр дуугаар" дугарах боллоо. Тухайлбал АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд “Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газрын хүчнийхэн химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн нь гарцаагүй үнэн" хэмээн мэдэгдээд байна. Нэгдсэн Улсын батлан хамгаалахын сайд Чак Хэйгел ч “Ерөнхийлөгч Барак Обама тушаал өгвөл Сирид цохилт өгөхөд бэлэн” гэж мэдэгдээд амжив. Үүнээс гадна Их Британи "Сирийн ард иргэдийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх"  заалт бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барих гэж байна. Энэ талаар ерөнхий сайд Дэвид Камерон өөрийн Твиттер хуудсандаа жиргэжээ. Гэхдээ тус тогтоолыг батлахад манай хоёр хөрш томоохон "тээг" болох нь мэдээж. ОХУ, БНХАУ өмнө нь ч Сирийн талаарх тогтоолуудад хориг тавьж байсан билээ. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров цэрэг дайны арга замыг сонгох нь Сирид, цаашлаад бүс нутагт тогтворгүй байдлыг улам дэвэргэнэ гэж мэдэгдсэн байна. "Өнгөрсөн долоо хоногт Сирийн нийслэл Дамаск хотын  ойролцоо химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн талаарх тагнуулын мэдээллийг ойрын хугацаанд гаргана" гэж Обамагийн засаг захиргаа мэдээлжээ. 8-р сарын 21-нд болсон уг дайралтын үеэр 330 хүн амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэхдээ Сирийн Засгийн газар болон босогчид энэ хэрэгт харилцан нэг нэгнийгээ буруутгаж байна. Дашрамд дурдахад, 2 жил гаруй өмнө ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг бослого гарснаас хойш Сирид 100,000 гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлж байгаа юм. Эцсийн эцэст сөргөлдөгч талууд буюу Ассадын засгийн газрын хүчнийхэн болон босогчдын аль аль нь хүчирхийлэл үйлдсэн гэдгийг ажиглагчид онцолж байна. Мөн томоохон гүрнүүдийн геополитикийн бодлого, сөргөлдөөн Сирийн хямрал дээр илэрч байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш