logo
Урлаг, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх хөгжингүй орны сургалтыг түгээн дэлгэрүүлнэ

Урлаг, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх хөгжингүй орны сургалтыг түгээн дэлгэрүүлнэ

2013/08/29

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ манай оронд айлчилж буй ХБНГУ-ын Шверин хот дахь Хүүхэд залуучуудын Урлагийн боловсрол олгох сургуулийн захирал Холгер Хелмут тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Герман Монголын мэргэжилтэн солилцоо” төслийн 2 дахь үе шатны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.

ХБНГУ-ын Шверин хот дахь Хүүхэд залуучуудын театр, урлагийн сургуулиас энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан сургалтад Монголын найман багш хамрагдсан байна. Энэхүү сургалт нь хүүхэд, залуучуудад театр, урлагийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан, сурах арга барил эзэмших, гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэх зорилготой аж.

Харин энэ удаад Монголын багт сургалт явуулсан Германы найман төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирж сургалтад хамрагдсан хүмүүс өөрсдийн эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрхэн түгээн дэлгэрүүлж байгаатай танилцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.

Төлөөлөгчдийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хоёр дахь шатны төслийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь танилцахаар хүрэлцэн ирсэнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ талархалтай байгаагаа илэрхийлээд, хүүхэд залуус, ялангуяа өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд театр урлагийн боловсрол олгож тэдний гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр аль ч улс орны хөгжил хүүхэд залуус, тэдний ирээдүйтэй салшгүй холбоотой байдаг. Иймд тэднийг бүхий л талаас нь дэмжсэн энэхүү гэгээлэг үйлсийг цаашид улам илүү өргөжүүлэн хөгжүүлж амжилтад хүргэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Төсөл маш богино хугацаанд амжилттай хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа ноён Холгер Хелмут хэлж байлаа. Тэрээр Герман Улсын насан туршийн боловсрол, соёл, урлагийн салбарын хөгжлийн тодорхой асуудлаар монголын багш нарыг мэргэшүүлж, тэднээр дамжуулан урлаг, гоо зүйн салбарын тэргүүн туршлага, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдгаа ярьж байсан. Түүнчлэн төслийн хүрээнд Монголд ирснээр маш олон зүйлийг олж мэдэж суралцаж байгаа гээд энэ удаагийн сургалтад зөвхөн багш нар туршлага судалж мэргэшлээ дээшлүүлсэн. Харин дараа дараагийн шатанд хүүхэд залуусыг туршлага судлуулах боломжтой гээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш