ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран 9 сарын 1-10 сарын 20-ны хугацаанд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. Энэ удаад улаанбуудай, тосны ургамал, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ буюу чацарганын хураалт гэсэн үндсэн гурван төрлийн ургац хураалтад МЗХ-оос оюутнуудаа илгээхээр болсон юм. Компаниуд эхнээсээ хүсэлт илгээж байгаа бөгөөд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өнөөдөр “ЭИ СИ ДИ” ХХК-иас оюутан залуусыг ажиллуулах тухай хүсэлт ирсэн байна. Оюутан, залуус энэхүү ажилд анги хамт олноороо оролцож ажилтай, орлоготой болохоос гадна дурсамж дүүрэн мөчийг хамтдаа өнгөрүүлэх юм. Дашрамд дуулгахад “ЭИ СИ ДИ” ХХК нь ажиллах хүчний байр, хоол хүнс, ажлын бээлийгээр хангахаас гадна ажилласан хүн бүрийг төмс хүнсний ногоогоор урамшуулах гэнэ. Ингэснээр оюутнууд давхар санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.