logo
Сирид Ирак, Ливийн хувь тавилан давтагдах уу...

Сирид Ирак, Ливийн хувь тавилан давтагдах уу...

2013/08/30
АНУ-ын ашиг сонирхлын дагуу түүний цэргийн хүчирхэг машин дахин лалын ертөнцийг чиглэв. АНУ-ыг ханиахад даган ”найтаадаг”  Их Британи ч Сирийг овоо хараандаа авснаа зарлалаа. Дэлхийн нийтийн анхаарлын төвд Ирак, Афганистан, Ливийн сургамж арилаагүй, улс орнуудынх нь дотоод зөрчил намжаагүй байхад Сирид цэрэг зэвсгийн цохилт өгөх асуудал хүч түрэн орж ирлээ. 


Энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан баримт олсон талаарх мэдээллийг олон нийтэд цацахын зэрэгцээ АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгель “BBC News”-т өгсөн ярилцлагадаа зэвсэгт хүчин нь Сирийн армийн эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд зөвхөн дээд ерөнхий командлагч Барак Обамагийн тушаалыг хүлээж байна гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ нь дайн эхлэхэд бэлэн болсны дохио юм.

Дэлхийн улс орнуудын байр суурь энэ тал дээр ихэд зөрүүтэй байгаа ч хүний эрх, ардчиллаар дулдуйдсан барууны хэт дайнч, түрэмгий номлол өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр дахин улайрч эхэллээ.  АНУ тэргүүтэй барууны цэрэг дайны үзэл суртлын ээлжит золиос болох дөхсөн  Ираны  ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Аббас Арагчи “Аливаа цэрэг байлдааны ажиллагаа, Сири рүү гаднаас аливаа дайралт явуулах нь “бүс нутагт бүхэлд нь гамшгийн үр дагаврууд ”авчирна” хэмээн мэдэгдсэн. Лалын ертөнцийн орнууд Сирийн эсрэг хийж болзошгүй дайны хор уршиг нь  “сирийн хилээр“ хязгаарлагдахгүй бөгөөд бүс нутгийг бүхлээр нь нөмрөх нь зайлшгүй хэмээн үзэж байна. ОХУ болон Хятадын улс төрийн бодлого ч үүнтэй санал нэг байгаа. Ираны эсрэг хийж байсан үзэл суртлын томоохон довтолгоог зогсоон барьж чадсан Орос, Хятад хоёр улс  Сирийн талаар барьж буй бодлогоороо энэ удаа АНУ  болон НАТО-гийн цэргийн машиныг хэр удаан тогтоон барьж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.
 


Сирийг бүсэлсэн цэрэг зэвсгийн хүчирхэг цагираг нэгэнт бий болжээ. Тэд Сирийн хилийг хэзээ давах вэ... Өнөөдөр үү... эсвэл маргааш уу... Иргэний дайны галд шатсан хотуудын дээрээс гадаадын цэрэг зэвсгийн суман мөндөр буух мөчид энгийн иргэд л асар их хохирол амсдаг болохыг түүх бидэнд өгүүлсээр ирсэн. Хуяг дуулга, буу зэвсгээр өвч зэвсэглэсэн америк тэргүүтэй холбоотны цэргийн амсах хохирол энгийн иргэдэд учрах  үхэл хагацлын тоотой харьцуулшгүй бага гарахыг хэн бүхэн мэднэ. Эндээс нэг л дүгнэлтийг хийж болно. Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены илчилсэн иргэдийн хувийн электрон шуудангийн хайрцаг, бусад мэдээллийг тагнаж тандсан АНУ-ын тагнуулын байгууллагын хууль бус үйлдэлд дургүйцсэн олон нийтийн чиг хандлагыг өөрчлөх, улс орных нь өмнө тулгараад байгаа санхүүгийн хүндрэлээс гарах гэсэн Цагаан ордны эрх баригчдын увайгүй үйлдэл нь Сирид  цохилт өгөх хэлбэрээр хэрэгжиж  эхэлж байгаа явдал. Энэ бүхнээс гагцхүү дотооддоо санхүүгийн ноцтой хямрал нүүрлээд эхэлмэгц гадагшаа дайны  машинаа хөдөлгөдөг америкийн улс төр, бизнесийн бүлгийнхэн л  хожиж үлддэг бичигдээгүй хууль бий.  
 

Эдгээрийг дурьдахын зэрэгцээ Сирийн Башар Асад ч асуудалд хэт хуумгай ханддаг нэгэн болохыг хэлэх хэрэгтэй. Улс орноо иргэний дайны тоосонд даруулж, ард иргэдээ химийн зэвсгээр хөнөөсөн хар үйлдэл нь хэний ч өмнө түүнийг зөвтгөх шалтгаан болохгүй.  Дамаскийн орчимд өнгөрсөн долоо хоногт химийн зэвсэг хэрэглэсэн, НҮБ-ын ажиглагч шинжээчдийн цуваа руу буудсан зэрэг зүй бус гэхээс илүүтэйгээр харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг  Башар Асадын Засгийн газар хүлээх ёстой. Гэхдээ ард түмнийг нь бууны суман доогуур мөлхүүлж, хот сууринг нь галд шатаан байж тэдэнтэй хариуцлага тооцох нь зөв үү. Тэд гадаадын улс орнуудын зэр зэвсгийн өмнө бус өөрийн ард иргэдийн шударга шүүхийн өмнө хариуцах учиртай. Гадны цэрэг-улстөрийн бодлогын тоглоом болохгүйгээр асуудлаа дотооддоо эв зүйгээр шийдэх боломж Сирид байгаа. Үүнд  Сирийн сөрөг хүчнийг зэвсэглэж хооллосон АНУ болон түүний холбоотон орнуудын хөндлөнгийн оролцоо, туслалцаа саад болж байгааг үгүйсгэхгүй.  Улс орны дотоод маргааныг дэвэргэсэн гадаадын оролцооны үр дүнд Сирийн ард түмнийг мөхөлд ч хүргэж болзошгүй хар дайны сүүдэр хаалгыг нь тогшсоор...

Б.Бат-Эрхэс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш