Саяхан Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ талаар БОНХЯ-ны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга А.Энхбатаас тодрууллаа.
-Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжид ямар техник, тоног төхөөрөмж хамаарах вэ?
- Засгийн газрын 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, байгальд халгүй технологийг манай улсад нэвтрүүлэх, нутагшуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой маш чухал шийдвэр гарлаа. Засгийн газрын тогтоолд баталсан байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр болов. Тоног төхөөрөмжийн жагсаалтад сэргээгдэх эрчим хүчний /нар, салхи, усан/ цахилгаан станцын тоног төхөөрөмж, газрын гүний дулааны насос, ногоон байгууламж, ойг тарьж ургуулах дуслын усалгааны систем, модны үртэс, зоргодос, целлюлозон ширхэглэлийг шахаж зоргодсон, эслэг хавтан хийх төхөөрөмж, бохир ус цэвэрлэх, озоны давхаргад ээлтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж зэрэг багтсан.
-Байгальд халгүй тоног төхөөрөмж гэж нэрлэсний учрыг тайлбарлаж өгнө үү?
– Энгийн ойлгомжтой байх нэгэн жишээ авч хэлье л дээ. Өнөөдөр манай улс эрчим хүчний хэрэглээний 95 хувийг нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрс шатаана гэдэг нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болоод байгаа хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг. Тэгэхээр манай эрчим хүч үйлдвэрлэл байгальд халтай гэж хэлж болно. Иймээс байгальд халгүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх болон ногоон хөгжлийн чухал зорилтын нэг. Иймд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж жагсаалтад орсон юм. Саяхан манай улсад 50мгв салхин цхаилгаан станц ашиглалтад орлоо. Үүнтэй адил салхины, нарны, усны станц барих тоног төхөөрөмж оруулж ирж борлуулсан аж ахуйн нэгж татварын хөнгөлөлт эдлэх болж байгаа юм. Мөн бидний хэрэглэж заншсан гэрлийн шил улайсдаг шил бол эрчим хүчний зарцуулалт ихтэй. Иймд сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шилийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор эдгээр төрлийн сүүн гэрлийн шил жагсаалтанд хамрагдсан байгаа. Мөн усны хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн хэд хэдэн төрлийн тоног төхөөрөмж тухайлбал, дуслын усалгааны систем, ойн хаягдал гишүү мөчир, үртэс ашиглан шахмал хавтан үйлдвэрлэх тоног төхөөрөмж зэргийг нэрлэж болно. Эдгээрийг бид байгальд халгүй техник, тоног төхөөрөмж гэж нэрлэж байгаа юм.
-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
- Засгийн газрын тогтоол албажин гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. 9 дүгээр сарын 1-нээс мөрдөөд явах боломжтой болно гэж үзэж байгаа. Жагсаалтад багтсан тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгж татварын газарт тайлан гаргахдаа тооцоогоо хийгээд явах болно.
- Журмын гол ач холбогдол нь юу вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийг бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд манай яам Монгол Улсын ногоон хөгжлийн үндэсний стратеги боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгальд халгүй технологи дамжуулалтын асуудал чухал ач холбогдолтой. Байгальд ээлтэй шинэ технологийг нутагшуулахад ач холбогдолтой. Засгийн газрын шийдвэрийн гол ач холбогдол нь нэгдүгээрт: аж ахуй нэгжийн үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих замаар тэдний ногоон хөгжилд оруулах хувь нэмэр оролцоог нэмэгдүүлэх, хоёрдугаарт байгальд халгүй технологи, бараа бүтээгдэхүүнийг хэрэглээг ард иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх явдал юм.
-Жагсаалтанд батлагдсан 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж одоо хэрэглэгдэж байгаа юу, цаашид энэ тоо нэмэгдэх үү?
- Анх удаа 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж байна. Жил бүр хянаж, нэмэлт өөрчлөлт оруулж байхаар журамд тусгасан. Өөрөөр хэлбэл жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн зах зээлд нэвтэрч байгаа байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг жил бүр үнэлж, дүгнэж байх шаардлагатай нэмэлтийг оруулсан. Жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь манай зах зээлд борлогдож эхлээд байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА