logo
Авлигын эсрэг олон улсын академитай хамтран ажиллана

Авлигын эсрэг олон улсын академитай хамтран ажиллана

2013/08/30
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд Австрийн Лаксенбург хотод төвтэй Авлигын эсрэг олон улсын академид саяхан зочилж, тус академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин Кроитнертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Тэргүүн комиссар Н.Ганболд авлигатай тэмцэхэд өнөө үед тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд тус академийн хувь нэмэр чухал болохыг онцлоод цаашид тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнер өөрийн академийн үйл ажиллагаа, ойрын ирээдүйн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсны дээр Бангкок хотноо 12 дугаар сард болох

Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 2 дугаар чуулга уулзалтад Тэргүүн комиссар Н.Ганболдыг оролцохыг урив.

Уулзалтын төгсгөлд АТГ-ын дарга Н.Ганболд, Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнер нар хамтын ажиллагаа хөгжүүлэх харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал байлцлаа.  

Товч лавлах:
Авлигын эсрэг олон улсын академийг Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын алба, Залилангийн хэрэгтэй тэмцэх Европын алба болон Австри Улс санаачлан байгуулсан бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 8-наас олон улсын байгууллагын статустай болжээ. Өнөөдрийн байдлаар тус академид НҮБ-ын 64 гишүүн улс, олон улсын 3 байгууллага нэгдэн ороод байна.

“Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталж, улмаар манай улс 42 дахь гишүүн орон болсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш