ШШГЕГ-аас Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад чиглэсэн мэргэшүүлсэн болон давтан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалтын хүрээнд орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны албан хаагчдад чиглэсэн дадлага, сургалтыг ШШГЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан төлөвлөгөөний дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид зохион байгуулж эхэллээ. Эхний ээлжийн дадлага, сургалтад Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид хамрагдлаа. Энэ оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан уг дадлага, сургалтын хүрээнд Цагдан хорих 461 дүгээр ангийн бүтэц, зохион байгуулалт, өдөр тутамын үйл ажиллагаатай танилцуулах, харуул хамгаалалтын үйл ажиллагааны онцлог, эмнэлгийн болон төлбөрт үйлчилгээ, тоо бүртгэл, нийгэм сэтгэл зүйн үйл ажиллагаа, хоригдогчийн зүгээс гаргасан зөрчлийг баримтжуулах үйл ажиллагааг танхимын болон дадлагын хэлбэрээр явуулж, Цагдан хорих байрны тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, шийдвэрлэх арга замын тухай чөлөөт ярилцлага зохион байгуулсан. Сургалтын явцад батлагдсан төлөвлөгөөний дагуу албан хаагчдыг Цагдан хорих төв байрны дотоод бүтэц, зохион байгуулалт, ашиглаж буй техник, тусгай хэрэгсэл, хөтлөгдвөл зохих бичиг баримттай биечлэн танилцуулахын зэрэгцээ танхимын болон дадлага сургалт, харилцан ярилцлага зэрэг олон талт хэлбэрээр зохион байгуулсан нь сургалтад хамрагдагсдыг идэвхижүүлэхийн зэрэгцээ онолын болон практик мэдлэгийг бататгасан чухал ач холбогдолтой арга хэмжээ болов. Тус сургалтыг ШШГЕГ-ын удирдлагаас дэмжиж, шаашсны дагуу энэхүү сургалт нь үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд практик орчинд эрх зүйн болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц бодит үр дүнд хүрэхүйц сургалт боллоо.