Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөнө. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.