logo
Нийслэлийн иргэд Богдхан ууланд таван чиглэлээр аялах боломж бүрдлээ

Нийслэлийн иргэд Богдхан ууланд таван чиглэлээр аялах боломж бүрдлээ

2013/09/02

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад үүрэг болгосныхоо дагуу өнөөдөр зарим ажлын биелэлттэй биечлэн танилцлаа. Богдхан уулын явган аяллын чиглэлүүдэд хийсэн тохижилттой танилцахын зэрэгцээ замуудыг нээж, иргэд олон нийтийг аялалд уриалан "Зайсан-Тэнгэр хад" чиглэлд хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хагас өдрийн явган аялалд Монголын уулын хөтөчдийн холбоо, Уулчин Монгол нийгэмлэг, Эрүүл Монгол, UB хайкин клубын гишүүд болон түүний гэр бүлийнхэн нэгдсэн юм.

ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулж байна. Нийслэлээ тольдон харж, зураг бичлэг хийх боломжтой өндөрлөг хэсгүүдэд амралтын цэгүүд байгуулснаас гадна алсыг харагч дуран авайг ч аяллын замд суурилуулахаар төлөвлөж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэйгээ уулын энгэрт очих аялагчдад зориулан эхлэлийн цэгт зогсоол гаргах аж.

Нийслэлчүүдэд ойрхон, зардал чирэгдэлгүй аялах боломж бүрдүүлэхийн тулд Зайсангийн автобусны эцсийн буудлаас нэг чиглэлээ эхлүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Тусгайлан унаа машин, хоол хүнс, майхан хэрэгсэл бэлтгэж байж аялдаг, эрүүл агаарт гардаг гэсэн сэтгэлгээг халахад энэ мэт жижиг зүйлст ч анхаарах нь чухал. Туулсан болон үлдсэн зайн хэмжээ, амрах цэгийн дугаар зэргийг хаяг тэмдэглэгээндээ илүү ойлгомжтой бичих, сүүдрэвчийн дээврийг төмрөөр биш бороо салхины үед хүчтэй дуу чимээ гаргахгүй зөөлөн материалаар хийх, гал түлэх, жимс түүж болох газрыг тусгайлан зааж өгч тэмдэглэгээнд оруулах зэрэг санааг Ерөнхий сайд хэлж, тохижилтын ямар ч ажилдаа олон улсын стандартыг баримтлаарай гэж захилаа.

Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой, ийм аялал ямар ч эм, эмчилгээнээс үр дүнтэй гэдгийг явган аялагчид хэлж байв. Үүний бодит жишээ болсон 87, 73 настай ахмадууд Богд уулын замд таарч, хөдөлгөөний гайхамшгийг залууст тайлбарлаж байв. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө алхаж яваа дотоодын аялагчид, бяцхан хүүхдээ дагуулан уулын дугуйгаар аялж, өндөр хаданд авиралт хийж буй гадаадын аялагчид цөөнгүй таарсан нь амралтын өдрүүдэд Богдхан уулыг зоригсод олширсныг илтгэж байв.

БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ, ЗАЙ
1.    Төрхурах – Цэцээ гүн    8.5 км
2.    Манзушир - Цэцээ гүн    8.4 км
3.    Зайсан - Дугуй цагаан - Баруун ширээт    4.5 км
4.    Зайсан - Тэнгэр хад    6.4 км
5.    Баянзүрхийн товчоо - Тэмээн хад    3.1 км
Байгаль дэлхийдээ ойр байхыг, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаасаа эрч хүч авахыг хүсэгч хэн бүхэн ая тааваараа эрүүл агаарт аялах нөхцөлийг ийнхүү бүрдүүлж эхэлсэн тул нийслэлчүүдийг явган аялалд уриалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш