Өнгө алагласан цэцэг барин, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн жаалууд, аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, номын шинэхэн цүнх, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль. Анх удаа бие биенээ гайхан харах нэгдүгээр ангийн бяцхан жаалууд. Жил жилийн намар л ийнхүү эхэлдэг. 9-р сарын нэгэн хэмээх энэ л өдөр нэгэн хичээлийн жил шувтарч, шинэ хичээлийн жил эхэлж байгаа нь энэ.
Гурван сар бие биенээ хараагүй нэг ангийн найз нөхөд уулзалдан баясаж, өдөр өдрөөр ижилдэн дассан анги танхимдаа цугларан, амралтын сонин сайхныг ам булаалдан хөөрөлдөх мөч. Сургууль бүрийн гадаа уянгалаг хөгжим эгшиглэж, багш, сурган хүмүүжүүлэгчид цэцгийн баглаагаа дааж ядан тэврэх мэт. Инээд баясал, цог золбоо нь гялалзах сурагч насны бас нэгэн тэмдэглэлт өдөр.
Энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орон даяар эхний хичээлийг “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдвээр заана. Хичээлийг МҮОНТ, UBS телевизээр өнөөдөр 10.00 цагаас шууд дамжуулна. Ерөнхийлөгч өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа” гэсэн сэдвүүдээр хичээл зааж байсан.
Ийм л нэгэн шинэ хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. Энэхүү эхэлж буй 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 160201 төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдсэн байна. Төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160201 хүүхэд суралцах болжээ.
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсэн суралцана.
Мөн 2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцана. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцахаар болсон.
Энэ жил ЕБС-ийн сурах бичгийн талаар томоохон дэвшилт гарна гэж салбарын яам мэдэгдсэн. Тодруулбал, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 359 822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэгдэж, үүнд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Үүнээс:
- Бага ангийн 38 нэрийн 766 654 ширхэг сурах бичиг бүгд нийлүүлэгдсэн.
- Дунд, ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн 366 068 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан.
- Эцэг, эх нь сурах бичиг худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн нийт 227 100 ширхэг сурах бичгийг нийлүүлж дууссан үр дүнтэйгээр хичээлийн шинэ жил эхэлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдлаа.
- Бага ангийн сурагч бүр бүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдах юм. Бага ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 100 хувь болгох амлалтыг салбарын яам тавьсан.
- Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн 1 хүүхэд хамрагдах боломжтой болж байна.
- Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,8 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч 42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).
- Дунд, ахлах ангийн сурагчдын 13.2 хувь болох 34446 сурагч нь зах зээлээс сурах бичгээ худалдан авна. Сурах бичгийн зах зээлийн дундаж үнэ 2440 төгрөг байна.
Энэ хичээлийн жил бас нэгэн зүйлээр онцлог болж байна. БСШУЯ-аас ерөнхий боловсролын сурагчдын дүрэмт хувцасны загварыг “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэйгээр батлан гаргалаа. Шинэ загвар нь бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр охид хөвгүүдийн гэсэн ангилалаар үйлдэрээс гарч байгаа. Одоогоор бага ангийн сурагчид дүрэмт хувцасаар жигдэрч эхлээд байна.
Бага ангийн 1,2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг 8 дугаар сарын 30 гэхэд, бага ангийн 4,5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байна.
8 дугаар сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.
Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байна. Үүнээс хониний ноос самнахад 8, утас ээрхэд 6, даавуу үйлдвэрлэхэд 2, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна. Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд байна.
Ийнхүү монголын хүн амын 75 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан “Хичээлийн шинэ жил” эхэллээ. Зуны гурван сар нам гүмхэн байсан хот дахин есөн сарын туршид хүүхэд, залуусын инээд, хөөр, дуу, шуугианд автах нь ээ.