logo
Монголчууд Хайнанруу хамгийн хямдаар аялана

Монголчууд Хайнанруу хамгийн хямдаар аялана

2013/09/03
Сүүлийн жилүүдэд “outbound” буюу гадаад аялал жуулчлал манай оронд эрчимтэй хөгжиж эхлээд байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь өчигдөр буюу 9-р сарын 2-ний өдөр Чингис зочид буудалд болсон БНХАУ-ын аялал жуулчлалын онцгой бүс болох Азийн Хавай гэгддэг Хайнан мужийн хамгийн үзэсгэлэнтэй булан Яалун дахь олон улсын сүлжээ Cactus resort-ын менежментийн багийн таницуулгын арга хэмжээ байлаа. Энэхүү арга хэмжээнээс Cactus resort нь монголын тур агентлагуудад үнийн онцгой боломж олгох, аливаа дамжлагагүй шууд харилцааг бий болгохыг зориж байгаа нь харагдаж байсан. Мөн гадаад улс орнуудын аялал, жуулчлалтай холбоотой байгууллагууд Монгол руу тавих анхаарлаа бодитой болгож байгаагийн илрэл гэж хэлж болохоор байна.
        Энэхүү үйл ажиллагаа нь  манай улсад аялал жуулчлал хөгжихөд, аялагчдад амралт чөлөөт цагаа үр ашигтай, зөв, аюулгүй өнгөрөөхөд, чанартай аялал худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр монголын тур компаниуд төр засгийн гарыг хараад суулгүй илүү боломж, чанарт тэмүүлж байгаад талархууштай байна.

Үйлчилгээний байгууллага бүр өөрийн онцлогтой байдаг. Cactus resort зочид буудлын тухайд бол тус зочид буудлыг сонгож ирсэн хүмүүсийн амрах бүхий л орчин түүний ая тухыг бүрэн хангаснаас гадна хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг гол зүйл нь тэдний үйлчилгээ байдаг аж. Эртний Маяачуудын хэв маягаар тохижуулсан зочид буудал,  Яалун булангийн хамгийн том усан сан, үйлчилгээний ажилчдын инээмсэглэл, зочноо гэсэн анхаарал халамж нь зочдод гүн сэтгэгдэл төрүүлдэг байна.
Та бүхэнд БНХАУ-ын аялал жуулчлалын онцгой бүс болох Азийн Хавай Хайнан мужийн хамгийн үзэсгэлэнтэй булан Яалун дэх олон улсын сүлжээ  Cactus resort-ын захирал Дай Шиао Шүн-ээс авсан тодруулга хүргэе.
-    Энэхүү арга хэмжээний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-    Та бүхнийг энэхүү арга хэмжээг маань ирж сурвалжилж байгаад талархаж байна. Арга хэмжээнд маш их сэтгэл хангалуун байна. Монголын тур компаниуд Cactus resort зочид буудал болоод манай үйлчилгээг маш их сонирхож байгаад баяртай байна. Монголын тэнгэр нь ямар цэнхэр, үүл нь хичнээн цагаан болохыг үзлээ. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Хятадад сүүлийн жилүүдэд аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж байгаа учраас монгол орны энэ гайхалтай тэнгэр, цав цагаан үүлийг харахыг хүссэн над шиг олон хүн танай орныг зорино гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд зочид буудал, үйлчилгээгээ монголын тур компаниудад санал болгохоос гадна 10-аад жил хамтран ажилласан Тэнгэр трэйвэл болон бусад компаниуддаа талархлаа илэрхийлж байна. Миний хувьд Тэнгэр трэйвэл компани аялагчдынхаа тав тухтай байдалд илүү анхаарч ажилладагт баярладаг. Энэ бол аялалын компанийн нэг номерийн  үзүүлэлт. Хамтран ажилласан 10 жилийн хугацаанд Тэнгэр трэйвелээр үйлчлүүлсэн аялагчдаас манай зочид буудалд нэг ч гомдол гарч байгаагүй. Энэ нь тухайн компанийн хариуцлагыг илтгэж байгаа юм.
-    Та бүхэн Монголыг зорьж ирсэний хувьд манай үндэсний тур компаниудад бодитой ямар боломжуудыг санал болгож байна вэ?
-    Хайнан аралын аялал жуулчлалын ихэнхи хэсгийг дотоодын аялагчид бүрдүүлдэг. Мөн ОХУ-ын аялагчид маш их ирдэг. Европын орнууд болоод бусад орнууд дараагийн байрыг эзэлдэг. Үнэ тарифын тухайд дотоодын аялагчид хамгийн үнэтэй, дараа нь ОХУ-ын аялагчид, Европоос ирсэн хүмүүс бүсчлэлийн хувьд арай бага үнэ төлдөг. Бидний ирсэн гол зорилго бол хөрш зэргэлдээ орны давуу тал болоод шууд харилцааг эрхэмлэн хамгийн хямд үнийг монголын тур компаниудад олгоход оршиж байгаа юм.
-    Та бүхний ажилд амжилт хүсье.
Монголын анхны аялал жуулчлалын компаниудын нэг болох Тэнгэр трэйвел компанийн гүйцэтгэх захирал Б. Санжидмаатай товч ярилцлаа.
-    Тэнгэр трэйвэл компанийг Cactus resort-ын зүгээс өндрөөр үнэлж байгаагаа хэллээ. Аялалын компаниудын анхдагч, тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн танай компанийн хувьд энэхүү үйл ажиллагааны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-    Үйлчилгээний ажлын онцлог бол хэзээ ч амжилтандаа сэтгэл амарч болдоггүй. Амжилт олох хэрээр хариуцлага улам өндөрсөж байдаг. Энэ хэрээр үйлчлүүлэгчдийн маань шаардлага өндөрсөж байдаг. Тиймээс хийж буй ажил бүрт хариуцлага дагадаг.  Дээрээс нь бид өөрсдийн боломж давуу тал дээр суурилан гадаад улс орнуудад амжилттай хэрэгжиж буй үйлчилгээний стандартыг нутагшуулах  тал дээр анхаарч ажиллаж байна.
-    Хятадын дотоод болоод гадаад аялал сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа талаар Cactus resort зочид буудлын захирал хэлж байна. Хүн ам ихтэй Хятад улсын аялагчдыг Монголруу татах боломж байгаа эсэхийг энэ салбартаа тэргүүлж яваа компанийн хувьд хэрхэн харж байна вэ?
-    Сүүлийн үед хятад улсын эдийн засаг хөгжихийн хэрээр хятад хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилж, гадаад улс орноор аялах боломж, аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж байна.  Маш их  хүн амтай улс оронтой хил залгаж байгаа давуу талаа бид боломж болгон хувиргах хэрэгтэй.  Яахав, бид хэрэгцээний нэлээд  зүйлээ хятад орноос импортолж байгаа ч бидэнд нүүрс, ноос, ноолуур гэхээсээ үйлчилгээний салбар, аялал жуулчлал гээд зөөгөөд аваад явчихааргүй нөөц боломж болох зүйлээ тэдэнд санал болгож болно. Өмнөх жилүүдтэй харицуулахад хятадаас ирэх жуулчны тоо жилээс жилд өсч байна. Цаашид ч өснө. Харин бид тэднийг хүлээн авах бэлтгэлээ сайтар базаах, жуулчны улирлаа уртасгах ёстой. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хариуцлагаа улам өндөржүүлэх шаардлагатай.
-    Нүүдэлчин монголчууд аялах дуртай ард түмэн. Жилээс жилд аялагчдын тоо нэмэгдсээр байх болов уу. Танай компанийн зүгээс аялагчдын тав тухыг хангах тал дээр өндөр ач холбогдол өгдөг талаар үйлчлүүлж үзсэн хүмүүсээс ч сонсож байсан. Харин аливаа эрсдэл, тодруулбал даатгалын асуудал дээр ямар чиг баримталдаг вэ?
-    Аялал жуулчлал бол цогц үйлчилгээ. Хэдийгээр нэг үгэнд багтааж яриад байгаа боловч энд амрах орчны ая тух хангах, зочид буудал, шаардлага хангасан эрүүл хүнс, аюулгүй үзвэр үйлчилгээ, мэргэжлийн хөтөч тайлбарлагч гээд маш олон салбар үйлчилгээний цогц. Үүний нэг хэсэг бол яахын аргагүй даатгалын үйлчилгээ. Манай компанийн хувьд даатгалын мэргэжилийн компаниудтай хамтарч ажилладаг бөгөөд бүх аялагч нараа гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалд хамруулдаг. Даатгалтай холбож ярихад даатгал хийлгэсэн л бол бүх юм ок гэсэн үг гэж тайвширдаггүй. Аливаа эрсдэлийг байгаа бүх боломжоороо урьдчилан тооцож, тэрнээс сэргийлэх явдал нь манай компанийн хувьд чухал байдаг.
-    Аялах юмсан гэдэг бодлыг олон жилийн турш дотроо тээгээд л явдаг хүмүүсийн нэг нь би л дээ. Их мөнгө, их цаг хугацаа орох юм шиг томруулж хараад байдаг талаар хэлж байгаа юм. Над шиг ийм төрлийн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-    Аялах жуулчлах хүслийг биелүүлдэг гол зүйл зардал мөнгө, цаг хугацаа мөн боловч хүсэл, зорилго түүнээс илүү шийдвэрийг гаргадаг гэж боддог. Аялах жуулчлах гэдэг бол тухайн хүний өөртөө оруулж буй маш том хөрөнгө оруулалт байдаг. Манай монголчууд суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж ярих нь бий. Аялалд явсанаар хүн өөртөө оюуны маш том ололт, мөн эрүүл мэндийн хувьд ч, сэтгэл санааны эерэг хандлагуудыг олж авдаг. Өндөр зардал гэдэг нь хүн бүрт янз бүрээр бодогддог. Тийм болохоор та хамгийн түрүүнд манай сайт руу ороод хараарай. Магадгүй таны санаснаас ч доогуур байж болно шүү дээ. Яг одоо мөнгөгүй байлаа ч аялахыг хүсч байгаа газраа сонгох, хэр зардал гарахыг тооцоход юу ч танд шаардагдахүй биз дээ.
-    Сайхан хэллээ. Миний зарим ухаангүй зардал дундаж аялалаас ч үнэтэй тусч байгаа гэхээс айж байна шүү. Баярлалаа.

Сэтгүүлч: Г.Инжир
Гэрэл зургийг: Анжигай.Г














АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш