logo
Гал гарах эрсдэлтэй зах, худалдааны төвүүдийн жагсаалт гарчээ

Гал гарах эрсдэлтэй зах, худалдааны төвүүдийн жагсаалт гарчээ

2013/09/04
Үйл ажиллагаа явуулж байгаа олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ,  худалдааны байгууллагууд хулгай буюу гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг сайтар хамгаалж, ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчин галын аюулгүй байдлыг хангаж ажиллахад төсөв, хөрөнгө төлөвлөөгүй нь мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдах шаардлагын хэмжээнд хүртэл хангахгүй байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас хийсэн хяналт, шалгалтаар тогтоогджээ.
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүн ам олноор төвлөрсөн үзвэр үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд  шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар дараах газруудад ноцтой зөрчил илэрчээ.
         - Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс Импекс” ХХК-ийн Барс-1 худалдааны төв нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, өргөтгөл хийсэн.
         -Баянгол дүүргийн 20 дугаар хороо МВС групп ХХК-ний Барс-2 худалдааны төв нь улсын комисс байнгын ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулсан, барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл  нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангаагүй, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй.
        - Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төв нь зам гарц нарийсгаж, гарцан дээр эд зүйл байрлуулсан, авралтын нөөц гарц хаасан, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй байна. Эдгээр газруудад зөрчлөө арилгах олон удаагийн албан бичгийг өгсөн ч өнөөдрийг хүртэл эрсдэлтэй хэвээр ажилласаар байгаа юм. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас үйл ажиллагааг нь зогсоох тогтоолыг хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд хүн ам олноор төвлөрсөн худалдаа үйлчилгээний Барс худалдааны 1, 2 дугаар төв, Баянзүрх худалдааны төв, Юмт бөмбөгөр, Хүчит шонхор, Гурван Эвтэн ХХК-ийн Далай ээж, Меркури зах, Бүрд худалдааны төв, Одкон Тек барилгын барилгын материалын худалдааны төв зэрэг үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламжууд эрсдэл үүсэхгүй гэх баталгаагүй байгааг олон нийт, үйлчлүүлэгчид, түрээслэгчдэд анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш