ШУТИС-ийн төлбөрийг 13,9 хувиар нэмэх шийдвэрийг тус сургуулийн ТУЗ өнгөрөгч долдугаар сард хуралдан гаргасан аж. Харин энэхүү шийдвэрийг нь ШУТИС-ийн Оюутны холбоо мэдээгүй байсан гэдгээ хэвлэлийнхэнд хандан хэлэхийг хүсчээ. Учир нь тус сургуулийн оюутны холбооны зүгээс сургалтын төлбөр нэмэгдсэн асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.
Гэхдээ өөр эх сурвалжуудын хэлж буйгаар багагүй хугацааны өмнө шийдэгдсэн асуудлыг ШУТИС-ийн Оюутны холбоо өдийг хүртэл мэдээгүй байх учиргүй гэнэ. Холбооны нэрээр оюутнууд ийнхүү мэдээлэл хийж байгаагийн цаана тус сургуулийн хуучин захирал Б.Дамдинсүрэн байгаа гэх мэдээлэл байна.
Ер нь бол хамгийн олон оюутны эрх ашгийг төлөөлж байгаа энэ холбоо оюутнуудын хамгийн чухал асуудал болох сургалтын төлбөр нь нэмэгдсэн асуудлыг мэдээгүй өдийг хүрсэн гэхээр үнэмшихэд бэрх аж. Түүнчлэн ШУТИС-ийн Оюутны холбоо ийн сэрж улстөр хийж байгаа нь учиртай байхыг үгүйсгэх аргагүй талаар яригдаж байна.