logo
Солонгост ажилласан Монгол багш нар сурч, мэдсэнээ тайлагнав

Солонгост ажилласан Монгол багш нар сурч, мэдсэнээ тайлагнав

2013/09/04

Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Ази, Номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллага (APCEIU)-тай хамтран  “Багш солилцооны хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Энэ оны тавдугаар сард хөтөлбөрийн хоёрдугаар шат эхэлж, өдөө орон нутаг, нийслэлээс 25 багш Солонгос улсын ерөнхий боловсролын болон дээд сургуулиудад ажиллаж, туршлага судлахаар явсан. Өнөөдөр эдгээр багш нар Солонгос улсад гурван сарын хугацаанд ажиллахдаа олж мэдсэн арвин туршлагаасаа танилцууллаа. Тайлан хуралд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаа болон Ази, номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллагын төлөөлөл оролцсон юм. БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг  “2012 оноос эхэлсэн Багш солилцооны хөтөлбөрт өмнө нь сургуулийн нийгмийн ажилтан, дарга, захирлууд оролцож байсан бол энэ удаад яг хүүхэдтэй тулж ажилладаг бага, дунд, ахлах, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн болон хөдөө орон нутгийн багш нар явсанаараа илүү давуу талтай” хэмээн онцолсон юм. Боловсролын салбар нь өндөр хөгжсөн оронд илгээлтээр явж ажилласан багш нар эх орондоо ирээд шууд хэрэгжүүлж болох олон олон арга туршлага хуримтлуулж авсанаа энэ үеэр танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаашид багшийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх арвин өгөөжтэй энэхүү хөтөлбөрийг Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш