logo
Экосистемийн үйлчилгээний төлбөрийн тухай танилцууллаа

Экосистемийн үйлчилгээний төлбөрийн тухай танилцууллаа

2013/09/04

Экосистемийн үйлчилгээний төлбөрийг ашиглах загвар болон хэрэгжүүлэх аргуудын тухай сургалт өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо. Сургалтыг TNC олон улсын байгууллагын тэргүүлэх эрдэмтэн Хэдэр Таллис, Женифер Молнар нар удирдан явуулж, БОНХЯ, Геоэкологийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Газрын харилцаа, зураг зүйн газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, НҮБ-ын төсөл, хөтөлбөрүүдийн мэргэжилтэн, судлаач, багш нар оролцов. TNC олон улсын хөтөлбөр нь анх 1961 онд АНУ-д нээгдсэн бөгөөд одоогоор дэлхийн 30 гаруй улс орон, АНУ-ын бүх хот, мужуудад үйлчилгээгээ хүргэж байна. Монгол Улсад хөтөлбөрөө нээгээд 5 жил болж байгаа бөгөөд энэ төрлийн сургалтыг 2 жилийн өмнө зохион байгуулсан ажээ. “Байгалийн хөрөнгө” гэж нэрлэдэг экосистемийн үйлчилгээнүүд  нь оршин байхын, сонголтын, өв залгамжлахын гэсэн гурван том үнэ цэнэд тулгуурлан хөгжиж иржээ. Экосистемийн үйлчилгээ ашиглагчид хангамжийг барьж байх, сайжруулахад нь зориулж үйлчилгээ үзүүлэгчдэд төлбөр төлдөг хэлбэрийг экосистемийн үйлчилгээний төлбөр гэж нэрлэдэг. Энэ чиглэлээр TNC олон улсын хөтөлбөрийн эрдэмтэд Латин Америк болон Азийн зарим орнуудад судалгаа явуулсан байна. Байгалийг унаган төрхөөр нь хадгалах, нөөц баялгийг зохистой ашиглах, хүний ая тухтай амьдралыг бүрдүүлэхэд  голлон анхаарч ирсэн экосистемийн үйлчилгээний төлбөрийг зүй ёсоор ашиглаж чадвал  байгалийн нөөц баялаг ихтэй, хүн ам багатай, уудам тал нутагтай манай  улс богино хугацаанд хөгжиж, ногоон хөгжлөөр тэргүүлэгч орнуудын нэг болох бүрэн боломжтой юм. Хөтөлбөрийн зорилтоо тодорхойлсноор эхэлсэн сургалт хөрөнгө оруулалтын багц тодорхойлох, экологи болон нийгмийн үр ашгийг тооцох, мониторингийн үр ашгийн дизайн гаргах, уур амьсгалын өөрчлөлтийг хөрөнгө оруулалтын багцын дизайнд тусгах зэрэг сэдвээр үргэлжилж, улс орнуудын үр дүнд хүрсэн туршлага, жишээнүүдийг ярилцан, цаашид өөрсдийн хийж буй ажилдаа нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлснээр өндөрлөв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш