Улсын Их хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.04/ Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа 14 орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд чуулга уулзалтад оролцож байгаа төлөөлөгчидтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд төрийн албыг бэхжүүлэх, чадавхижуулах, шинэчлэх, мэргэшсэн, тогтвортой байлгах зэрэг чухал асуудлаар нүүр тулан уулзацгааж, харилцан туршлага, санал бодлоо солилцож байгаа нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсын парламентад ажлаа тайлагнадаг, удирдлага, гишүүд нь Улсын Их Хурлаас томилогддог байгууллагууд бий. Түүний нэг нь Төрийн албаны зөвлөл юм гэдгийг дурдаад төрийн албанд ур чадвартай, мэргэшсэн, өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай боловсон хүчнийг тохирсон ажилд нь томилж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгаагаар хангах, өөрөөр хэлбэл төрийн албаны мерит зарчмыг Монгол Улс төрийн албандаа хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцлов.
УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдөөс “Манай УИХ-ын зарим гишүүд нэг жилийн өмнө эмч, багш нарыг төрийн албан хаагчаас хасах хуулийн төсөл өргөн барьсан. Төслийг одоогоор хэлэлцэж амжаагүй байгаа” гээд гадаадын орнууд багш, эмч нараа төрийн албан хаагчид хамааруулдаг эсэхийг сонирхлоо. Уулзалтад оролцсон зарим төлөөлөгчид энэ талаар өөрийн орны туршлагаа УИХ-ын даргатай хуваалцав. Тухайлахад Бүгд Найрамдах Турк Улсын төлөөлөгч Эрдэл Аядан хэлэхдээ “Манай улсад багш, эмч нар төрийн албан хаагчийн статустай байдаг. Гэхдээ хөдөө орон нутаг, сум, тосгонд эдгээр хүмүүс нь гэрээт албан хаагчийн ангилалд ордог. Төрийн албан хаагч, гэрээт ажилтнуудын хооронд хууль эрх зүйн ялгаа, зөрүү их байдаг. Тиймээс цаашид эдгээр албан тушаалыг нэгтгэн төрийн албан хаагч гэдэг статустай болгохоор төлөвлөж байгаа” гэдгээ хэллээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга энэ удаагийн чуулга уулзалт амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд улс орныхоо төрийн албаны төв байгууллагуудыг төлөөлөн ирсэн төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ