Бүгд Найрамдах Белорусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Белорусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар 2013 оны 9 дүгээр сарын 4-нд гарын үсэг зурлаа.
Ингэснээр энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.
Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Монгол Улс одоогоор нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.