logo
Ж.Оджаргал: Бид бие биеэ шаардаж хариуцлагатай амьдарцгаая

Ж.Оджаргал: Бид бие биеэ шаардаж хариуцлагатай амьдарцгаая

2013/09/10

М-Си-Эс группын захирлуудын зөвлөлийн дарга Д.Оджаргалтай ярилцлаа.

-Саяхан “Богд хаан” гольф клубт улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж, шилдэг 60 тамирчин хүч сорьсон. Та хэр амжилттай оролцов оо?
- Гольфийн тэмцээнд дээгүүр байр эзэлнэ гэдэг амаргүй. Яг хэддүгээр байр эзэллээ дээ байз, гэхдээ дээгүүр байр эзлээгүй.

6
- Танай гольфын клубыг үзэхэд scotch буюу шотланд загварын талбайтай, сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлсэн нь ажиглагдаж байсан. Нууц биш бол хэдий хэрийн хөрөнгө оруулалт орсон бэ?
- Манай үндэсний томоохон компаниуд Петровис, Скайтел, манай групп хамтарч хөрөнгө оруулалт хийсэн, нийгэмд чиглэсэн төсөл. “Скай ресорт” цанын бааз, гольфын клуб хоёрт нийтдээ 30 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт орсон. Харахад энгийн юм шиг атлаа гольфын талбайн газар доогуур нарийн чимхлүүр ажлууд их хийгддэг. 160 гаруй га газарт инженерийн сүлжээнүүд хийж хөрсийг нөхөн сэргээн, зүлэгжүүлж, моджуулж, усжуулж, хиймэл нуур цөөрөм байгуулах замаар байгал орчинд ээлтэй эерэг бичил орчин байгуулсан. Тийм учраас хөрөнгө оруулалт их шаарддаг, аялал жуулчлал хөгжихөд их хэрэгтэй спорт байгаа юм.

6<
- Одоо ид шуугиж байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Та юу гэж боддог вэ? Энэ гэрээ манай улсад ашигтай болж чадсан уу?
- Ер нь бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Зуун хувь төгс төгөлдөр, сайхан гэрээ гэж хэзээ ч байдаггүй. Мэдээж, ямар нэгэн алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Ийм том хөрөнгө оруулалт, нарийн технологи шаардсан ордод Рио Тинто гэсэн том хөрөнгө оруулагч орж ирсэнд бид нар талархах ёстой юм. Хөрөнгө оруулалтын гэрээ нь тухайн үеийн зах зээлийн байдлаараа Монголд ашигтай гэрээ гэж бодож байгаа. Гэрээнд алдаатай, засч залруулах ёстой зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнийгээ л хэвийн, ажил хэргийн зарчмаар ойлголцож, зөвшилцөж, тохиролцон засах ёстой юм байвал засаад явна биз дээ. Тэрнээс биш “Ерөөсөө энэ орд  Монголынх”, “Ер нь гадны хөрөнгө оруулагчгүйгээр өөрсдөө хийнэ” ч гэдэг юм уу, эсвэл “Болохгүй бол хөөгөөд явуулъя” гэж хандвал асар том алдаа, буруу ойлголт гэж бодож байна. Энэ бол тийм амар асуудал биш, дэлхий даяараа биднийг харж байна. Миний хувийн бодол бол энэ хувьцаа эзэмшинэ гэж ярьдаг чинь бас заавал эзэмших ёстой эд биш шүү дээ. Янз янзын хэлбэрээр Монголд ашигтайгаар тохирч болно. Өнөөдөр ийм их хөрөнгө оруулалт шаардсан төслийг эргэн харж өөрчлөх гэж байгаа бол аль аль талдаа ашигтай хувилбарыг ярихгүй бол зөвхөн Монголд ашигтай байлгаад, хөрөнгө оруулагчид маш их эрсдэл хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл зэсийн үнэ хоёр жилийн дараа баталгаатай 4000-5000 доллар байна гэж хэн ч хэлж чадахгүй. Олон тэрбум доллараар Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдын хувьд асар их эрсдэл хүлээсэн зүйл. Тэрнийг бид дандаа тооцож байхгүй бол ерөөсөө л баялгийг маань булаагаад аваад явчих гэж байгаа юм шиг хараад байвал буруу болов уу.

6

-Дэлхийн түүхий эдийн зах зээл, тэр дундаа нүүрсний зах зээл хямралд ороод байгаа. Энэ нь “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлж эхэлсэн. Хямралаас гарах ямар арга замууд байгаа вэ?
- Биднээс хамаарах юм байна, хамаарахгүй юм ч бас байгаа. Хятадын гангийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа коксжих нүүрсний үнэ унасан. Гэхдээ хэрэглээ нь бол багасаагүй шүү дээ. Яагаад үнэ унаад байна вэ гэхээр Монголын нүүрс хэр өрсөлдөхүйц байна вэ гэдэгтэй холбоотой. Өрсөлдөхүйц гэдэг нь одоо Австралийн олборлосон коксжих нүүрс тэндхийн боомтоос Хятадын далайн боомт хүртэл нэг тонн нь 12-хон доллараар тээвэрлэгдэн очиж байгаа. Тэгэхэд манайд уурхайгаас хил хүртэлх тээвэрлэлт 20 доллар байгаа юм. Хилийн наана, цаана хоёр талд  ачиж, буулгах баахан зардал нэмэгдэнэ. Ингээд Хятадын хилийн боомтоос цаашаа хэрэглэгч рүү очихдоо 60 долларын үнэтэй болчихож байгаа юм. Зардлуудаа нэмээд 80-90 долларын өртөгтэйгээр эцсийн хэрэглэгчид очиж байна. Сүүлдээ Австралиас гадна Канад, ОХУ, АНУ зэрэг томоохон өрсөлдөгчид гарч ирсэн. Далайн тээвэр хямдхан байгаа юм. Тэгэхээр бид нар Монголын нүүрсийг яаж өрсөлдөхүйц болгох вэ гэдэг дээр анхаарах ёстой. Нүүрсийг олборлоод гаргаад ирж болно. Гол асуудал тээвэртээ байгаа юм. Нүүрс ахиухан экспортлож байж доллар тэр хэмжээгээр орж ирнэ. Доллар орж ирж байж эдийн засаг маань тогтвортой байх юм. Иймээс шат шатандаа үүнийг ойлгож тээврийн асуудлыг маш хурдан шийдэх ёстой. Энэ талаар одоогийн Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байгаа. Хилийн боомтуудаа томсгож, сайжруулж байна. Дэд бүтцээ шийдэж байна. Жаахан л тэсэх хэрэгтэй юм. Нүүрсний үнэ өөрөө өсч, буурч байдаг зүйл. Одоо бууралтынхаа доод цэгт хүрсэн, удахгүй өсөлт ирэх байх гэж найдаж байна.

6
- Монголын банк, санхүүгийн зах зээл өнөөдөр туйлын эмзэг байна. Сүүлийн хэдэн жилийн дотор гурав, дөрвөн ч банк дампуурлаа зарлалаа. Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа та монголчуудын хийж чадахгүй байгаа гэхдээ чухал салбарт хөрөнгө оруулалт хийнэ, өөрсдийн хүчийг сорино гэж ярьж байсан. Арай банкны салбар руу орох бодолтой байгаа юм биш биз дээ?
- Үгүй, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, том цахилгаан станц төслүүдийг л ярьж байгаа юм. Манайд өнөөдөр гайгүй банкууд байгаа шүү дээ. Банкны салбарт бол одоохондоо орох бодолгүй байна.

7
- Томоохон улс төрчид, компанийн захирлууд олон төрлийн ТББ-ын Удирдах зөвлөл юм уу сангийн тэргүүнээр ажилладаг. Таны хувьд хэр нийгмийн идэвхтэй хүн бэ?
- Манай групп нийгэмд өгөөжөө өгсөн олон томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Залуучуудад зориулсан орчин үеийн шийдэл, тохижилттой, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцны хороолол, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүрэн шаталтат зуухны төсөл, гадаадад явж эмчлүүлдэг иргэдийн урсгалыг бууруулах олон улсын стандартын эмчилгээ оношилгооны төв, олон улсын жишигт хүрсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг нийгмийн төслүүдийг нэрлэж болно. Үүнийгээ нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр, идэвх зүтгэл гэж ойлгодог. Урлагийн зөвлөл гэх мэтийн байгууллагуудад сонгуультай байдаг ч тэр болгон хуралд нь оролцох зав гардаггүй юм аа. Алсаас дэмжээд явдаг гэх үү дээ.

6
- Хэдэн жилийн өмнө тантай уулзаж байхад эмч аав, ээжийнхээ дурсгалд зориулж дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн цогцолбор байгуулах бодол бий гэж ярьж байсан. “Интермэд” эмнэлэг удахгүй ашиглалтад орох сураг байна. Ажиллах боловсон хүчний асуудлаа яаж шийдэж байна вэ?
- Эрүүл мэндийн салбар бол орчин үеийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин шаарддаг. Бид орчин үеийн эмчилгээ, оношлогооны төв байгуулах зорилттой ажиллаж байгаа. Өдөртөө 500-600 хүнд үйлчлэх хүчин чадалтай эмнэлэг байх юм. Он гараад ашиглалтад орчих болов уу гэж төлөвлөж байна. Шалгаруулж авсан ажилтнуудаа түрүүчээс нь Солонгост бэлтгэж байгаа. Эхэндээ гадны эмч нар удирдаж ажиллах юм. Хэдэн жилдээ хүмүүсээ сургаад, орчин үеийн оношлогоо, эмчилгээний төв ямар түвшинд байх ёстой юм түүнд нь хүргэхийн төлөө ажиллана даа.

5
- Нууц биш бол ойрын үед та бүхэн ямар төслүүд дээр ажиллах гэж байна вэ?  
- Бид ойрын таван жилдээ нүүрс шингэрүүлэх төсөл буюу нүүрснээс дизель түлш гаргаж авах төсөл дээр ажиллах байх. Түүнээс гадна Засгийн газар Тавантолгойд цахилгаан станц барих гэж байгаа, тэр төсөл дээр ажиллах байх. Энэ хоёр том төсөл дээр цаг зав зарах байх. Мөн бусад охин компаниуд дээр төлөвлөсөн төслүүд байгаа.

6
- Өнөөдөр бизнесмэнүүд миний хийх ажил болчихлоо гэж үзээд их улс төр рүү орох нь их байна. Зарим нь үүнийг бизнесмэнүүдийн Их хурал боллоо гэж шүүмжилж байгаа. Таныг зарим хүмүүс Их хурлын гишүүн байх хүний нэг хэмээн ярилцдаг. Энэ талаар…
- Би улс төрд орохгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Эдийн засагт хийх ажил их байна. Тийм учраас өөрийнхөө чаддаг, зохидог зүйлээ л хийж байсан нь зүгээр болов уу.
- Өнөөдөр нийгэм их бухимдалтай байна. Хүн болгон стресст орсон гэж яригддаг. Та ч гэсэн уурлаж, бухимдах тохиолдол гардаг байх. Тэр үед тайвшралыг яаж олдог вэ?
- Бухимдах нь гайгүй дээ. Агаарт гарч гольф тоглох, фитннест явах эсвэл усанд сэлэхээр сайхан тайвширдаг. Хүн ер нь хөдөлгөөнтэй, спортлог  байх ёстой. Тэгж байж энэ нийгмийн стресс, сайн муу бүхнийг сөрж гарна. Спортоор хичээллэж байгаа шүү.

6
- Та залуудаа хөгжим сонирхож, сургуулийнхаа цахилгаан хөгжмийн хамтлагт гитар тоглодог байсан. Энэ сонирхол одоо хэвээрээ юу? Тоглох зав гарч байна уу?
- Бид өөрсдөдөө зав гаргаж ганц нэг дуу бэлтгэж байгаад компанийнхаа Шинэ жилээр дуулж, тоглодог. Нэг дутагдал нь шинээр сурсан дууныхаа үгийг удахгүй мартчихаад байдаг юм, хуучин дуунуудаа бол мэднэ л дээ. Бас гоё кино үзнэ. Өвөл цанаар гулгана. Чөлөөт цаг гэдэг хязгаартай учраас тэр бүр олон зүйл сонирхох зав гардаггүй. Нуулгүй хэлэхэд ном зохиол уншиж амждаггүй юм аа. Өдөр тутмын сонингууд гарчиглах төдий л зав гардаг.

6
- Өнөөдөр хүн болгон хүүхдүүдээ сайн сургуульд сургах эрмэлзэлтэй байна. Таны байгуулсан “Орчлон” сургууль амжилттай яваа. Эхнэр тань захирлаа хийж байгаа. Энэ их ажлынхаа хажуугаар та хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарч чадаж байна уу?
- Би өөрөө бол амждаггүй юм аа. Эхнэр сургуулийн захирал, багш хүн болохоор хүүхдүүддээ илүү анхаардаг. Ер нь ямар ч гэр бүл байсан хүүхдүүд нь сайн боловсролтой болвол цаашдаа өөрсдөө биеэ дагаад явчихна. Өнөөдөр хүн болгон хүүхдээ гадаадад гайгүйхэн шиг сургуульд суралцуулах бодолтой болсон, боломжтой айлууд нь хүүхдүүдээ гадаадад сургаж байгаа ч өртөг өндөртэй учраас Монголдоо түүнээс дутахааргүй дунд боловсролыг олгоод, сайн сургаад, англи хэл, бүрэн дунд боловсролыг эзэмшүүлье гэсэн зорилго тавиад “Орчлон” сургуулийг байгуулснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Сурах хэрэгцээ өндөр, хүмүүс хүүхдүүдээ оруулъя гэж байгаа учраас “Орчлон-II” сургуулийг барьж эхэлсэн,1500 орчим хүүхдийг хүлээн авна байх.

6
- Өнөөдөр хүмүүс мөнгөний төлөө хэт их улайраад ар гэр, хүүхдүүдээ орхигдуулах тал ажиглагдах болсон. Хүүхдүүдийнхээ ирээдүйг та ер нь ямар байдлаар төсөөлдөг вэ? Гурван хүүхэдтэй бил үү?
- Тийм, гурван хүүхэдтэй. Бүгдээрээ “Орчлон” сургуулиар дамжиж байгаа. Их дээд сургууль төгсөөд хүүхдүүд биеэ даагаад явчих байх. Тэр хүртэл мэдээж аав, ээж нь туслаж таарна. Ер нь бол хүүхдүүдийг биеийг нь эрт даалгах хэрэгтэй. Сайн боловсролтой, чадвартай байвал компаниа удирдаад аавынхаа ажлыг үргэлжлүүлэх байх. Сайн сурч чадахгүй бол тэр хэмжээгээрээ л явна шүү дээ.

7
- Сурагч Оджаргал, оюутан Оджаргал, бизнесээ эхлүүлж байсан Оджаргал, одоогийн Оджаргалын хүсэл мөрөөдөл тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр та яг юу хүсч мөрөөдөж байна вэ?
- Компаниа улам сайн хөгжүүлэх, чанаржуулах, ажилтнууд маань улам хөгжиж, илүү сайн ажиллан, бүгдээрээ нийлж гоё гоё төслүүдийг хэрэгжүүлэх. Тэр төслүүд нь нийгэм, улс оронд, хэрэглэгчдэд таашаал өгдөг байх тийм хэмжээний зүйлүүдийг бодож хийх нь миний хүсэл юм уу даа.

7
- Танай группт 8000 гаруй хүн ажилладаг гэж сонссон юм байна. Энэ олон хүнийг ая тухтай, маргаашдаа итгэлтэй байлгана гэдэг өөрөө бас том урлаг байх л даа.
- Одоо манай группт 8100 гаруй хүн ажиллаж байна. Хүний нөөц гэдэг том, чухал бодлого. Зөвхөн шагнал, урамшууллаар ажил сайжрахгүй. Сэтгэл ханамж л хамгийн чухал. Хамт олон маань амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөж байна. Тэр нь утга учиртай, ирээдүйтэй бас сэтгэлийн таашаал, ажиллах нөхцөл, хамт олон энэ бүхэн цогцолж байж илүү амжилтад хүрнэ.

7
- Залуусын хороололд танай хичнээн ажилтан байртай болсон бол?
- Viva City бол 1600 гаруй айлын хороолол юм. Манайхаас 800-гаад хүн захиалгаа өгч орсон. Залуу гэр бүл хоёулаа ажилтай, орлоготой байвал байрныхаа зээлийг төлөөд цаана нь бас боломжийн хуримтлал үлдэх шийдэл олгох гэж зорьсон тийм төсөл.


- Гадны хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байна. Харин үндэсний хөрөнгө оруулагчид маань тунаад үлдэх нь мэдээж. Тэднийгээ дэмжих тал дээр төр дутмаг байх шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
- Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулалт хийгдэж байж улс хөгжинө. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг асар их хэмжээний мөнгөөр Монголд байшин барилга барьж, ажлын байр бий болгох зэрэг олон зүйлийг цогцлоож байгаа юм. Бүгдээрээ сайн сайхан амьдаръя, хурдан хөгжье гэвэл хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Бонд босгоод зээл авах зүйл байлгүй яахав. Улсын төсөв маань орлого, зарлага гээд дотроо эргэх талаар ярихаасаа илүү яаж өргөжиж, хэмжээ нь томрох вэ гэхээр хөрөнгө оруулалт ахиухан хийх хэрэгтэй болно. Тиймээс Монгол хөрөнгө оруулагчдыг татсан хууль эрхзүйн орчин, ялангуяа тоглоомын дүрэм нь өөрчлөгдөөд байдаггүй тэр орчныг л хурдан баталгаажуулж, хуульчилж өгөөд зөвхөн гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагч ертөнц рүү нэвтрэн орсноор хурдан хөгжинө. Монголчууд бид маш олон улс оронтой өрсөлдөж байна гэдгээ мартаж болохгүй. Хөрөнгө оруулагчид хаана илүү таатай, ашигтай, боломжтой, тогтвортой байна тэр газарт очиж мөнгөө оруулдаг. Монголд л ганцхан Оюутолгойн орд шиг зэс нь байдаг, нүүрс нь байдаг гэж бодоод байвал тэр их том эндүүрэл болно. Хөрөнгө оруулагчид нэг оролдоно, хоёр оролдоно, гурав оролдоод энэ ер нь бүтэхгүй улс байна гээд цаашаа хараад явчихвал тэднийг эргүүлж авчрахад асар их хугацаа шаардагдана шүү гэдгийг бид бүх улс орон даяараа ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед бид байгалийн баялгаа дэлхийд өөр хаана ч байхгүй юм шиг бодож, шүтэж эндүүрээд хөрөнгө оруулагчдаа үргээсэн, гомдоосон, итгэлийг нь алдагдуулсан яриа, популизм энэ тэрээ дор бүрнээ бодож, хариуцлагатай байхгүй бол эргээд бүгдээрээ хохирно. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Тэр утгаараа энэ бол яах ч аргагүй хамгийн чухал сэдэв учраас УИХ ээлжит бус чуулганаа хуралдуулж  хууль батлах гэж байх шиг байна. Асуудлыг нэн даруй шийдэж, энийгээ баталгаажуулаад, ялангуяа нэг засаг юм уу нэг УИХ гараад өөрчлөөд байдаггүй, тоглоомын дүрмээ их тодорхой, баталгаатай тогтворжуулсан байх ёстой. Үүн дээр улс төржилт, популизм хийх огт хэрэггүй. Бодит амьдрал, эцсийн зорилго юу юм бэ гэвэл бизнесмен ч бай, улс төрч, ард иргэд ч бай бүгдээрээ нэг л зүйлийг хүсч байгаа. Яаж сайн сайхан амьдрах вэ гэж бодож байгаа. Сайн сайхан амьдрах баялаг нь байгаад байдаг, үүнийг яаж өөрсдөө амьдрал дээр айл өрх бүрт хүртээх вэ гэхээр хөрөнгө оруулалтгүйгээр хийгдэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг татсан, ярьсан хэлсэн зүйл нь өөрчлөгдөөд байдаггүй тийм орчныг бүрдүүлэхийн тулд хүн болгон хажуудахаа, иргэн болгон улс төрчдөө, сонгогч болгон гишүүнээсээ, орон нутгийн засаг захиргаанаасаа шаардах ёстой. Тэрнээс биш хэн нэг нь популизм хийж, тодорхой хүмүүс цаг хугацаанд таалагдсан юмаа яриад, амлаад хүмүүсийн толгойг эргүүлээд байх хэрэггүй. Ялангуяа дөрөв дэх засаглал, хэвлэл мэдээллийнхэн үүн дээр онцгой анхаармаар байна. Одоо сэтгүүлчид маань энэ талаар тодорхой мэдлэгтэй, гадарладаг болж байгаа  байлгүй дээ. Хэн нь худлаа юм яриад, улс төрийн ямар эрх ашгаар хандаад байгааг ч хүмүүс ойлгодог болсон цаг үе. Тэгэхгүй бол улс орон, бүгдээрээ хохирно, ялангуяа дэлхий даяарчлагдаад энэ бүх мэдээлэл, өнөөдөр энд Монголд нэг улс төрчийн хэлж байгаа үг маргааш нь дэлхий даяар цацагдаж байна. Тиймээс үүн дээрээ л бид бие биеэ шаардаж, хариуцлагатай амьдарцгаая. Хөрөнгө оруулагчдыг хөөж туулгүй, улс даяараа таатай орчныг хурдан бий болгохгүй бол “Монгол моодноос гарах гээд байна шүү” гэдгийг л хэлмээр байна. Бүх юм цаг, минутаар өөрчлөгдөж байна шүү дээ.

7
- Монголын ирээдүй зөвхөн уул уурхайгаас хамаарах юм уу?
- Үгүй дээ. Бид нарт аялал жуулчлал, хөдөө аж ахуйд суурилсан экспортын бүтээгдэхүүнүүд гээд зөндөө боломжууд бий. Уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгөө зөв зүйтэй зарцуулах ёстой. Түүнээс биш орж ирсэн мөнгөө талын нэг цацаад байвал утгагүй юм болно.6

-Дэлгэрэнгүй ярилцсан таньд баярлалаа.
\Маш нууц сэтгүүлээс\


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш