Энэ сарын 14 буюу ирэх хагас сайн өдөр Английн алдарт BLUE хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнд цор ганц давтагдашгүй тоглолтоо хийх гэж байгаа. Өмнө нь олон ч дэлхийн одод ирнэ хэмээх зар түгээдэг ч ирдэггүй жишиг тогтоод удсан энэ үед тэднийг ч гэсэн ирэхгүй байж мэднэ гэх хардлагаар залуус хандаж байгаа нь нууц биш. Харин тус хамтлагийнхан товлосон хугацаандаа ирэх нь тодорхой болсон бөгөөд виз болон онгоцны тийзээ авснаа зохион байгуулагчдад мэдэгдээд байгаа аж.
BLUE хамтлагийнхан Монголд ирж тоглох гэж буй талаар зохион байгуулагчид нь хэвлэлийн хурал хийн мэдэгдэхдээ охидын нэг хамтлагийг хамт дуулуулах санал тавиад байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгвэл BLUE хамтлагийн Данкэн Жэймс хамтран тоглуулахаар санал болгосон хамтлагийн нэг гишүүнийг ихэд таалж, хувийн болзоо хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн сурагтай. Тэрхүү уулзалтад зориулан Монголын хамгийн дээд зэрэглэлтийн таван одтой “Best western Premier”зочид буудлын А зэрэглэлийн VIP өрөөг BLUE хамтлагийн нэр дээр захиалсан гэгдэж байна. Уг нь тус хамтлагийнхан МҮХАҮТ-ын хажууд баригдсан Corporate Convention Center зочид буудалд байрлана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн бөгөөд тус зочид буудалд мөн л BLUE-ийн нэр дээр захиалга хийгдээд байгаа аж.
Одоогоор зохион байгуулагчEVENTO компанийн зүгээс ямар хамтлагийнхныг санал болгож, тэд хэн гээч дуучин бүсгүйд нүд унагасан нь одоогоор нууц байна. Энэхүү нууц тус хамтлагийнхан Монголд хөл тавьж, тоглолтоо хийх өдөр ил болж магадгүй юм. Харин Монголд дэлхийн хэмжээний хамтлагтай хамтраад дуулчихаар чансаатай хамтлаг хэтэрхий цөөхөн. Тиймээс ч Данкэны сэтгэл татсан хамтлагийн гишүүн Киви, Sweetymotionдотор байхыг үгүйсгэх аргагүй юм.
А.Балт