Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдааныг тус хорооны хоёр талын хэсгийн дарга нар болох Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Гүйцэтгэх захирал В.Истисиоая-Будура нар ахлан явуулсан юм.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улс, Европын холбооны улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож, түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэн ярилцлаа.
Европын холбооноос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшинг ахиулах, хөгжлийн хамтын ажиллагааны 2014-2020 оны хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, иргэд хоорондын харилцаа, судалгаа инновацийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар тусгасан Хамтарсан мэдэгдэлд талууд хуралдааны төгсгөлд гарын үсэг зурлаа.
Хуралдааны үр дүнг Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Ч.Сайханбилэг дүгнэж хэлэхдээ “Манай улсын гадаад бодлогод гуравдагч хөршийн байр суурь эзэлдэг Европын холбооноос үзүүлдэг хөнгөлөлттэй нөхцөлөөр бид 7000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ энэ бүсийн зах зээлд татваргүй гаргаж байгаа. Энэ тааламжтай нөхцөлийг 2015 оны төгсгөл хүртэл үргэлжлүүлэх, үр ашгийг нь хангалттай хэмжээнд гаргах талаар энэ удаад тогтож ярилцлаа. Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан нээлттэй бодлогоо манай талаас танилцуулж, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээ энэ том зах зээлд гаргах талаар ярилцлаа” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.