Улс өвөлд хэр бэлэн байгааг “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр дэлгэрүүлэн ярилцлаа. Хэлэлцүүлгийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад гол үүрэгтэй яам, агентлагийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм.
2013-2014 оны өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч олон жилийн дунджаас 1-2 хэм илүү байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Нийт нутгийн 70 гаруй хувьд өвөл, хавартаа бэлчээрийн даац хэвийн байх боломжтой бол Баянхонгор, Дорноговь зэрэг зуншлага сайнгүй байсан бүс болон Ховд, Увс, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангайн зарим сумын нутагт бэлчээрийн даац хэтэрч хүйтний улиралд хүндэрч болзошгүй гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өглөө.
Энэ өвөл 44 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан, үүнд 1,4 сая тонн хадлан тэжээл шаардлагатайгаас 30 хувийг бэлтгээд байна. Отрын гол бүс нутгуудад 5 сая мал өвөлжүүлнэ, 11 дүгээр сараас мал, малчдаа оруулж эхэлнэ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ургац хураалт, нөөцлөлтийн тухайд, улсын хэмжээнд одоо байгаа 16 том элеваторт 400 мянган тонн улаанбуудай хүлээн авч хадгалах боломжтой. 170 мянган тонн төмс, хүнсний ногооны зоорь бэлэн байгаа, нэмээд энэ намар 48 мянган тоннын багтаамжтай зоорь ашиглалтад оруулна. Голлох төрлийн хүнсний ногооны хэрэглээгээ 2016 он гэхэд дотоодоосоо бүрэн хангах зорилтыг Шинэчлэлийн Засгийн газраас тавьсны дагуу хаврын тариалалтаар байцаа, лууван, сонгино зэрэг ногооны тариалалтыг нэмснээр өмнөх жилүүдээс төрөл тус бүрт нь 7000 хүртэл тонн илүүг хураана. Ургац хураалтад оюутнууд, цэргүүдийг оролцуулах шинэ зохион байгуулалт хийж, одоогийн байдлаар 700 гаруй цэрэг, 250-аад оюутан орон нутгийн захиалгаар ажиллаж байна гэсэн мэдээллүүдийг тус яамнаас нэмж өглөө.