Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал VIII бага хурал өнөөдөр Кемпински зочид буудалд боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан уг хуралд БОНХЯ, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын удирдлага, мэргэжилтнүүд, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Монгол-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Уул уурхайн компаниудын төлөөлөл оролцлоо. Хурлаар уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн байдал, бичил уурхайн байгаль хамгааллын тулгамдсан асуудал, эрх зүйн шинэчлэл, цаашид анхаарах бодлогын асуудлуудыг ярилцав. Хурлын үеэр БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулгын танилцуулсан “БОНХЯ-аас уурхайн хаалт, байгаль орчны чиглэлээр баримтлах бодлого, мастер төлөвлөгөө” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ ОРНЫ УУЛ УУРХАЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Илтгэгч: Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б. Тулга
Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгахын төлөө эдийн засгийн тогтолцоог цогцлон бий болгоход илүүтэйгээр чиглэгдэж байна. Хөгжлийн ийм загварыг бий болгох зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засаг”, НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас “Ногоон үйлдвэрлэл”, НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос “Ногоон өсөлт”-ийн үзэл баримтлалуудыг дэвшүүлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахыг Дэлхийн нийт улс орнуудыг уриалж байна.
Монгол Улсын засгийн газраас байгаль орчны яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлын хариуцсан үндсэн чиг үүргийн яам болгон үйл ажиллагаагаа өргөтгөж, хөгжлийн салбаруудад байгаль орчны бодлогыг тусгах чиглэл баримтлан ажиллаж байна.
Монгол Улсын уул, уурхайд түшиглэсэн хөгжлийн чиг хандлага нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн зөв зүйтэй алхам боловч нөгөө талаасаа уул уурхайн үйлдвэрлэл нь байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдол, доройтлыг үүсгэж тогтвортой хөгжил болон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.
Нэг. Байгаль орчныг хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл
Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд байгаль орчны эрхзүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 30 гаруй хуулиас эхний ээлжинд байгаль орчны 18 хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах замаар эдгээрийг системчлэн 8 хууль болгож, 2 хуулийн төслийг шинээр боловсруулан батлуулж, мөрдөж эхлээд байна.
Шинээр болон шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан хуулиудад байгаль орчныг хамгаалах ажлын үр өгөөж, чанарыг эрс дээшлүүлэх, төр, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын ажлын зааг ялгаа, эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын давхардал, зөрчил арилгах, уялдаа холбоо сайжруулахаас гадна төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын шинэ зохицуулалтыг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар олон чухал заалтуудыг тусгаж, байгаль орчныг хамгаалах эрх зүйн орчин боловсронгуй болсон.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ салбарт шинээр оруулж ирсэн гол зохицуулалтын нэг бол байгаль орчны аудит юм.
Байгаль орчны аудитын үндсэн зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хамгаалалтын механизмыг сайн дурын, хараат бус зарчмын үндсэн дээр бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэлбэрүүдийн нэг бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөө, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад туслах, тэднийг учирч болох алдагдал, хохирлоос сэргийлэх замаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх юм.
Байгаль орчны аудит нь:
- Аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар байгаль орчныг хамгаалах боломж олгодог
- Байгалийн нөөц, баялагийн тогтвортой ашиглалтыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр хангадаг
- Аж ахуйн нэгж өөрийн дотоод үйл ажиллагаандаа төрийн оролцоогүй хөндлөнгийн хараат бус аргаар хяналт, мониторинг хийх боломж олгодог
- Сайн дурын, хараат бус зарчим дээр суурилдаг
- Хариуцлагын тогтолцоог урьтал болгодоггүй
зэргээрээ Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн аудитын байгууллагаас хийдэг хяналт шалгалт, байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаас ялгаатай юм.
Тус яамнаас Байгаль орчны аудит хийх аргачлал, Байгаль орчны аудит хийх эрх олгох журамыг боловсруулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн А-126 дугаар тушаалаар батлуулан, 2013 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 3883 тоот улсын бүртгэлд бүртгүүлээд байна.
Тус журмын дагуу Байгаль орчны аудит хийх мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалтыг 2013 оны 6 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 24-ний хооронд 15 хоногийн хугацаанд МУИС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим мэргэшсэн байгаль орчны аудиторыг бэлтгэсэн.
Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагуудыг тогтоож, тэдэнд хариуцлага тооцох, хуулийн дагуу нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авах , хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх боломж бүрдлээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах механизмыг бий болгох, уул уурхайн төслүүдэд хаалтын нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх, ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгах заалтуудыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд шинээр тусган хэрэгжүүлж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг газар, ус, рашаан, ой, ургамал болон амьтны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт арга хэмжээг санхүүжүүлэхэд төвлөрүүлэн зарцуулж байхаар хуульчилсан. Энэ хуулийн хүрээнд ялангуяа усны зохисгүй хэрэглээг өөрчилж, усны нөөцийг зүй зохистой хэрэглэх, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулалт хийх, усыг хэмнэлттэй ашиглах, санхүүгийн механизмыг боловсронгуй болгохын тулд усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар бүрээр тооцон тогтоодог болсноороо ач холбогдолтой юм.
Хууль эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд 70 гаруй дүрэм журмыг Засгийн газар, холбогдох яамтай хамтран болон дангаараа боловсруулж мөрдүүлэхээр хуульчлагдсаны дагуу боловсруулалтын ажил эхлээд байна.
2013 оны 9-р сарын байдлаар эдгээр дүрэм журмуудаас 7 журмыг Засгийн газрын тогтоолоор, 20 журмыг холбогдох яамтай хамтарсан болон БОНХС-ын тушаалаар батлуулан мөрдөж эхлээд байна.
Нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал
2012 оны мэдээгээр уул уурхайн салбар улсын дундаж нийт бүтээгдэхүүний 18.6%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.1%, экспортын бүтээгдэхүүний 91.3%-ийг эзэлж байгаа бөгөөд 2012 оны байдлаар ашигт малтмалын 3647 тусгай зөвшөөрөл эзэмшигч 21,381 сая га талбайд үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 13.2 хувийг эзэлж байна. Үүнээс ашиглалтын 12226 тусгай зөвшөөрөл бүхий 841, 3 мян га, хайгуулын 2421 тусгай зөвшөөрөл бүхий 20, 539 сая га талбай байгаа бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага байна.
2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагааны улмаас 20401,3 гектар талбай эвдрэлд орж, үүний 4587,6 га буюу 22.4%-д газарт нөхөн сэргээлт хийгдсэнээс 4630,3 га газарт техникийн нөхөн сэргээлт, 4587,6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн тойм судалгаа байна. Жил бүрийн нөхөн сэргээлтийг тухайн жилийн олборлолтонд өртсөн газартай харьцуулж үзэхэд тухайн жил бүрийн нөхөн сэргээлтийн хувь 80% орчим байгаа боловч улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн хувь хэмжээ 22.4% байна.
2009-2012 онд “Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллого хийх” ажлыг Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган, Сэлэнгэ Хэнтий, Ховд, Хөвсгөл, Төв, Увс гэсэн 20 аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийлээ. Уг тооллогын нэгдсэн дүнгээр 20 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт нийт 703 гаруй нэгж талбарт 4320,5 га газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоов.
Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь /170 гаруй/ аж ахуйн нэгж байгууллагын, үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Мөн нөгөө талаас уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатай явуулах талаар санаачлагатай ажилладаг, байгаль хамгаалах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байгаа олон байгууллага байгаа гэдгийг бас энд онцлох нь зүйтэй. Тухайлбал: Монполимет, Монголросцветмет, Бороо гоулд, Мон дулаан трейд, Дацан трейд, Одод гоулд гэх мэт ХХК-иуд
Тулгамдаж буй асуудал:
1. Нүүрсний олборлолтын үйл ажиллагаанаас шавхан зайлуулж буй усыг байгаль орчинд ээлтэй технологи ашиглан цэвэршүүлж гадаргын усны хуримтлал буй болгох, үүссэн усан сан, цөөрмийг мал аж ахуй, газар тариалан, ногоон байгууламжийн услалтын асуудлыг шийдвэрлэх замаар олон талт ашиглалтын орчинг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.
2. Ус хангамж, ус ашиглалтын тэгш бус байдал, усны нөөцийн хомсдол, бохирдол зэргийг цаг алдалгүй зохистой шийдвэрлэхийн тулд төв, орон нутгийн засаг захиргаа, усны хайгуул зураг төслийн болон барилга байгууламж, ус ашиглалтын мэргэжил, хяналтын байгууллагууд, ус хэрэглэгч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхаарал, хүчин чармайлтыг дараахи хэдэн зүйлд голлон чиглүүлэх нь зүйтэй байгаа юм. Үүнд:
- Хүн ам, үйлдвэрлэл төвлөрсөн хот, суурин газрыг эн түрүүнд анхаарч, усны нөөцийг тогтоон, боломжит нөөцөд нь тулгуурласан усны ашиглалт, хэрэглээ, хэмнэлтийн зүй зохистой тогтолцоог бүрдүүлэх,
- Томоохон ус ашиглагчдыг бага дунд оврын цэвэрлэх байгууламжтай болгож хаягдал усны нэгдсэн стандартын дагуу бохир усыг цэвэрлэх, зайлуулах, ус усан орчинг нөхөн сэргээх ажлуудыг эхлүүлэх,
- Газрын доорхи гүний ус ашиглалтыг бууруулж гадаргын ус хуримтлуулан ашиглуулах бодлого баримталж ойрын хугацаанд ашиглалтын харьцааг нэг түвшинд болгох талаар үнийн зохицуулалт хийх
- 3. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийн харилцан уялдаатай оновчтой төлөвлөлтийн бодлого авч хэрэгжүүлээгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна. Үүний тод жишээ бол Өмнөговь аймгийн нутаг дахь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа юм. Цаашид ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг орд ашиглах үйл ажиллагаатай нягт уялдаатайгаар төлөвлөн, тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулах авто замын асуудлыг байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрал ахуйд сөрөг нөлөөлөлгүйгээр шийдвэрлэсний дараа орд ашиглах үйл ажиллагааг эхлүүлж байх,
- 4. Ашигт малтмал олборлох, геологийн эрэл хайгуул хийх, бэлтгэх, ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэх, авто зам, барилга байгууламж барих явцад хөрс хуулах, шороон далан, овоолго бий болгох, шуудуу татах зэргээр газрын төрх байдлыг өөрчилж техникийн гаралтай хөрсний эвдрэл ихээр бий болж байна.
- 5. Уурхайн нөхөн сэргээлтийн ажил төв орон нутагт хангалтгүй, жижиг аж ахуйн нэгж байгууллагууд нөхөн сэргээлт нэрийн дор нөхөн сэргээлтийн эрхтэйгээр олборлолтын ажил явуулах сонирхол их байна. Үүнд орон нутгийн зүгээс хяналт тавих ажлыг сайжруулах шаардлагатай байна.
- 6. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас орон нутагт хууль бусаар олборлолт хийх явдал гарсаар байна.
Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ
- Монгол орны гадаргын усны нөөцийн 70%-ийг бүрдүүлж буй сав газрын эхэд хамаарах хэсэг, газрын доорхи цэнгэг усны орд газруудыг Улсын тусгай хамгаалалтанд авах,
- Уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийн нөхөн хамгааллын үйл ажиллагааг нэвтрүүлэх,
- Уул уурхайн нөхөн сэргээлт, ялангуяа нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны чиглэлээр стандарт нормативыг олон улсын шаардлагын түвшинд хүртэл сайжруулж, боловсронгуй болгох,
- Ногоон эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагуудыг байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн механизмыг бий болгох,
- Уурхайн орчинд гаалийн хяналтын бүс байгуулах, гаалын хяналт тавихтай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад хяналт тавих техникийн нөхцлийг бүрдүүлэх,
- Ашигт малтмал олборлох, геологийн эрэл хайгуул хийх, бэлтгэх, ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэх, авто зам, барилга байгууламж барих явцад хөрс хуулах, шороон далан, овоолго бий болгох, шуудуу татах зэргээр газрын төрх байдлыг өөрчилж техникийн гаралтай хөрсний эвдрэл ихээр бий болж байна.
- Хатуу хучилттай автозам болон цаашид барих төмөр замын тодорхой хэсгүүдэд зэрлэг ан амьтан, мал сүрэг нүүдэллэх, шилжих нөхцөлийг бүрдүүлэх техник, технологийн шийдэл боловсруулж нэвтрүүлэх.