logo
Н.Янжмаа: Хамгийн оргил үед бид нийтийн тээврийн ачааллыг багасгаж чадсан

Н.Янжмаа: Хамгийн оргил үед бид нийтийн тээврийн ачааллыг багасгаж чадсан

2013/09/17
 Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын дотоод хяналт шалгалтын дарга, эдийн засагч Н.Янжмаатай ярилцлаа. 
 
- Нийтийн тээврийн салбарын бизнесийн орчин яагаад алдагдалтай гэж яригдаад байдаг вэ?
                      
-Энэ асуудлын талаар ярихад хэд хэдэн зүйл байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг дээд газраас тогтоож, нэг зорчигч тээвэрлэхэд гарч  байгаа бодит зардалыг  бүрэн нөхөхөөр тооцож тарифын алдагдал өгдөггүй. Бас нэг гол чухал асуудал бол нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал. Төрийн компаниуд нэг сард дундажаар 70-80 сая төгрөгийн шимтгэл төлдөг, харин хувийн хэвшлийн компаниуд 10-30 сая төгрөг  төлөхөөр тооцдог учир нь гол төлөв ажилчдынхаа цалин хөлсийг үнэн зөв бодож, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тооцдоггүй, цалинг дундажаар 250 мянган төгрөгөөр тооцон шимтгэл төлдөгтэй холбоотой гэж үзэж байна. Энэ нь  ажилчдад хохиролтой байдаг боловч тухайн цаг үедээ л болж байна гээд  асуудал гаргадаггүй юм байна лээ. Харин Төрийн өмчийн компаниуд ажилчдынхаа цалинг олгохдоо шагнал урамшууллыг нь хүртэл бүрэн оруулж нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлж  байгаа учир нийт зардлын 55 хувь нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал эзэлж  байдаг.Мөн нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг шатахууны үнэ байнга нэмэгдэж өөрчлөгдөж байгааг  хүн бүхэн мэднэ шүү дээ. Иймд  нийтийн тээврийн бизнесийн орчин алдагдалтай байгаа юм. Ер нь төр засаг анхааран харж үзэн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх юмуу, тарифын алдагдлыг нөхөж өгөх, эсвэл  нийгмийн даатгалын шимтгэлийн компаниас төлөх мөнгийг  шийдвэрлэж  өгч  байвал  нийтийн тээврийн асуудал арай л эерэг талдаа болох байх гэж боддог.
                           
- Танай компаний  троллейбуснууд наймдугаар сарын 24-нөөс 31-ний хугацаанд нийслэлийн иргэдээ дээдэлсэн үнэ төлбөргүй  үйлчилгээ гэж  явуулсан. Энэ талаар тодруулна уу?
 
- Манай компани Нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу хоёр ч  удаа иргэддээ үнэ төлбөргүй  тээврээр  үйлчилсэн. Энэ үйлчилгээг чанартай , доголдолгүй явуулахын  тулд манай компаний  бүх ажилчид  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан,  парк  ашиглалтыг  бараг 100 хувьд  хүргэх, зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллан засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Энэ  ажлыг  удирдан зохион байгуулах  комисын даргаар ажилласан хүний  хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэсэн, буруу зөрүү мэдээлэл цацагдаж байгаад үнэхээр их харамсаж  байна. Ажил хийж  байгаа нэгнийгээ  зөв талаас харж  сайныг  дэмжихийн  оронд хүнд ойлгомжгүй буруу зөрүү  зүйл ярьж, хүмүүст  ташаа ойлголт өгч, мэдээлж  байгаа  нь зохисгүй.  Бид  ажлын өдөрт ажилладаг троллейбусныхаа  тоог  1.5  дахин нэмэгдүүлж өдөрт гурван чиглэлд 50 гаруй троллейбус үйлчилгээнд гарган  нийтдээ 4500 орчим цаг гүйцэтгэн,өдөр бүр зорчигч урсгалын судалгаа гаргасны үндсэн дээр 529.694 хүн тээвэрлэн нэг зорчигчийг  дунджаар 138 төгрөгөөр тээвэрлэсэн  нь харин ч бага төсвөөр нийтийн  тээврийн үйлчилгээ  гүйцэтгүүлсэн  тооцоо гарч байгаа юм. Тэгээд ч  жилийн 360 гаруй хоногийн наймдугаар сарын  23-наас 31-нийг дуустал  хугацаанд  хамгийн  их  хүн урсгалын оргил үе буюу хамгийн өндөр  орлоготой  байдгийг нийтийн тээврийн салбарт 25 жил  санхүү тооцооны ажлыг  хариуцан хийж байсан хүний хувьд  би сайн мэдэж байна. Мөн үүнийг тээврийн салбарын  бүх  хүн  мэдэж байгаа гэж  бодож байна. Энэ  үед  үнэ төлбөргүй  явсан нь  бидэнд  алдагдалтай байсан боловч  ёстой  иргэдээ  дээдэлсэн  үнэ  төлбөргүй үйлчилгээ  болсон  гэж  үзэж байна. Мөнгө угаасан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэсгүй гүтгэж  Цахилгаан тээвэр компанийн  хөдөлмөрч хамт олон болон Нийслэлийн удирдлагыг доромжилсонд  харамсаж  байна. Уг нь би замын ачааллыг хөнгөвчилж, хүмүүсийн  ажлын  бүтээмжийг нэмэгдүүлсэн сайн ажил боллоо гэж ойлгож байсан. Ер нь миний бодлоор  хүн өөрийн  хариуцсан ажлаа л  хариуцлагатай хийж байвал  улс эх орныхоо  хөгжилд  оруулж байгаа хувь нэмэр гэж бодож  хариуцсан  ажлаа сайн хийхийг эрмэлзэж явдаг. Гэтэл зарим хүмүүс өөрсдийн ажилдаа хариуцлагагүй  ханддаг мөртлөө  хүний хийсэн ажлыг  хардаж  худлаа ярьж явах юм.  
 
- Монгол Улсад хөгжлийн шинэ гарцыг нээж машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарын эхлэлийг тавьж байгаа танай компанийн хамт олны  ажил үйлсийг гутаах өнгө аястай захиалгат гэмээр  ярилцлага нэвтрүүлэг  гараад байх юм. Энэ ямар учиртай вэ?
 
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон цахилгаан тээврийн үйл ажиллагааг  анх байгуулагдсан төслийн хүчин чадалд хүргэх ажлыг амжилттай хийж байгаа нь нийтийн тээврийн салбарын  зарим нэг компанийн  эрх ашгийг хөндөж эхэлсэн тул зохион байгуулалттай гүтгэлэг хийх, доромжлон гутаах, дарамтлах, нийгэмд буруу ойлголт төрүүлэх зэрэг ёс зүйгүй  асуудлыг дэвэргэж байгаа юм. Манай компани Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр агаар сан, Зам тээврийн яамны гэрээт  цахилгаан машинууд үйлдвэрлэж иргэдийн үйлчилгээнд гаргасан ба одоо Нийслэлийн Засаг даргатай байгуулсан JEA-800  маркийн 10 монбус үйлдвэрлэх ажилдаа ороод байна. Ашиглалтын зардал нь автобусны зардлаас 10 дахин бага, агаар орчин бохирдуулахгүй, өндөр технологийн энэ төрлийн тээврийн хэрэгслийн үнэ дэлхийн зах зээлд 250 мянгаас 1.2 сая ам.долларын үнэтэй байдаг бөгөөд харин манай хамт олон 150 мянган ам.долларт багтаан үйлдвэрлэж,  өндөр мэргэжлийн ажилчдын ажлын байр олноор  бий болгож, эх орондоо ихийг бүтээх  залуу  сайн  инженерүүдийг  бэлдэж байгаад төр түмэн олон минь талархах хэрэгтэй шүү дээ.
Заримдаа  манай  инженерүүд  энэ их дарамт, гүтгэлгээс  залхаж өндөр технологийн  энэ төслөө хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлбэл яасан  юм бэ гээд  яриад байгаа. Ингэж  үйлдвэрлэвэл  хувийн компани  ашгаа тооцож оруулахаар  давхар хөдөлгүүрт энэ машины үнэ дор хаяж 250 мянган ам.доллараас доош  үнэлэгдэхгүй болов уу  гэж  эмээж байна.
 
-  Нийтийн тээврийн үйл ажиллагааг яаж сайжруулах ёстой вэ?
 
-Социализмын үед нийтийн тээвэрт онцгой анхаарч  онгоц, галт тэрэг,  автобусны жолооч нарыг өндөр түвшинд бэлтгэж  тусгай цалингаар цалинжуулан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байсан. Одоо нийтийн тээвэрт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах нөхцөл бололцоо  шаардлагыг хангаж  чадах тэр бизнесийн орчинг  бүрдүүлж чадахгүй байна. Эхний ээлжинд дээрх асуудлыг шийдвэрлэж байж нийтийн тээврийн үйл ажиллагаа  сайжирна гэж боддог.
 
- Цахилгаан тээвэр компаний хамт олон ямар ажлууд хийж байна вэ?
 
-Бид бүх троллейбус, автбуснуудаа автомат буудал зарлагчийн системтэй болгож, GPS-ийн бүртгэл хяналтын  удирдлагын нэгдсэн системд оруулах, Төлбөрийн ЭКО  картыг  туршиж  хэрэгжүүлэн  нэвтрүүлэх  зэргээр  тээвэр зохион байгуулалтын  ЗАГВАР МЕНЕЖМЕНТТЭЙ  нийтийн тээврийн компани  болох зорилттой  ажиллаж байна.  Манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг  сонирхон  монгол инженерүүдээрээ  бахархаж, эх орондоо  машин  үйлдвэрлэлийг  дэмжин  дэлхийн  хөгжилд нэг алхам  урагшлахыг  монголын ард  түмэндээ  уриалж байна. Мөн та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөгөө хангаж  үнэн зөв мэдээллийг  уншигчиддаа түгээж байгаарай гэж хүсье. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш