logo
Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлт

Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлт

2013/09/18

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН, МАХН, МҮАН-ын эвслийн хамтран байгуулсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд үндсэндээ нэг жил болж буй үед энэ удаагийн ээлжит бус чуулган эхэлж байна. Энэ бол Засгийн газрын, эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх хангалттай хугацаа.

Нэг жилийн дотор ямар өөрчлөлт гарав аа? Эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарлаа, хөрөнгө оруулалт 42 хувиар буурлаа. Монгол Улсын гадаад өр түүхэнд байгаагүй 15 тэрбум долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний нэг жилийн хэмжээнээс хэтэрлээ. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш 1700 төгрөгөөс давлаа. Улсын гадаад валютын нөөц 2 дахин буурч шаардлагатай үед улс орон бие даан амьдрах чадвар мөн 2 дахин багаслаа. Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт буюу энэ жилийн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчигдөх, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны түвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг ийм нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж Засгийн газрын зөв зүйтэйг дэмжих, алдааг эртхэн залруулах талаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсныг Та бүхэн мартаагүй байх. Харамсалтай нь бидний мэдэгдэл, шаардлагыг эрх баригчид агуулга санааг нь гэхээсээ илүү зөвхөн эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж, хууль тогтоомж, парламентын зөвшилцөл, олон санаа уралдуулан аль зохистойг нь сонгож хүчээ нэгтгэн ажиллах боломжийг үгүйсгэж ирсэн нь нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн нэг хүчин зүйл гэж Бүлэг үзэж байна.

             Ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалт ашигт, малтмал, уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Яг өнөөдөр эдгээрээс дутуугүй чухал ач холбогдолтой болоод байгаа санхүү, эдийн засаг, төсөвтэй холбоотой зүйл яригдахгүй нь. Уг нь асуудлыг цогцод нь авч хэлэлцсэн бол улс орны хувьд ч, иргэдийн хувьд ч хэрэгтэй, хүлээсэн чуулган болох байлаа.

            Цаг алдалгүй бидний шаардлагын дагуу найман сарын эхээр эдгээрийг ярьж эхэлсэн бол бид хамтран боломжит шийдэл, хувилбар олж, ядаж төгрөгийн ханш ингэж унасаар хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүнд дарамт болохоос бага ч болов сэргийлж чадах байлаа.

   Манай эдийн засгийн хөдөлгүүр болж, дараа дараагийн том зорилтуудаа шийдэх орлогын эх үүсвэр бүрдүүлэх чухал салбар өнөөдөртөө уул уурхай мөн. Гэтэл суурь салбараа хэт улстөржүүлж сонгуульд ялах хэрэгсэл, популист, өрөөсгөл амлалтын талбар болгож ирсэн нь гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн, үргээсэн гол шалтгаан гэж үзэхээс өөр аргагүй.

Эдийн засгийн утга учир багатайгаар, тодорхой хэсэгт хувь хүртээх зорилгоор гүйцэтгэх засаглалын бүтцийг шинэхэн түүхэнд байгаагүй хэмжээгээр данхайлгаж, улмаар түүнийгээ төрлийн алба болгосон нь төсвийн зарлагыг үлэмж нэмэгдүүлж, үрэлгэн, хяналтгүй байдлыг дэвэргээд зогссонгүй, шударга өрсөлдөөн, зах зээлийн зарчмыг боон баринтагласан, бүх шатанд төрийн байгууллага, албан тушаалтан, тэр дотроо улс төрийн албан тушаалтны дураараа аашлах эрх мэдлийг нэмсэн, авлигын нөхцөл байдал улам бүр дордох үндэс суурь боллоо.

Олонхи дэмжиж олон арван их наяд төгрөг зарцуулан Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийн “үр дүнд” гурил, мах, тос, талх, цай, орон сууцны үнэ нэмэгдэв. Бензин шатахууны үнийг цаашид барих нөхцөл боломж хязгаарлагдмал болж байна. Өнөө маргаашийг аргацааж ард түмнээс хэтийн хүндрэлийг нуун худлаа ярихаа больцгоовол дээр биш үү. Зах зээлийн эдийн засгийн хууль, зарчмын талаар тайлбарлаж таниулах, зөв ойлгуулахын оронд үнэ цаашдаа өөрчлөгдөхгүй гэж мэдэгдэл хийх, иргэдийн эрх ашгийг бодож байгаа мэтээр захиргааны аргаар үнэ тогтоох гэх мэт буруу бодлогууд хэтдээ засахад улам хүнд нөхцөл байдал, уур амьсгал руу хөтөлнө гэдгийг эрх баригч намууд анхаарах цаг болжээ.

Монгол банк хуулиар УИХ-аас баталсан бодлогын хүрээнд бие даан, хараат бусаар үйл ажиллагаа явуулж, үүнд нь УИХ хяналт тавьж дүгнэлт өгөх учиртай. Мөнгө, санхүү, эдийн засгийн бодит шаардлагуудыг харгалзан Монгол банк Засгийн газартай тодорхой чиглэлээр улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс ажлаа уялдуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд, бас л УИХ-ын хяналтын дор явагдах ёстой.

“Чингис” бондын ашиглалт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулах, эргэлзээтэй асуудлууд байгааг МАН-ын бүлгээс тавьж Монгол банкинд шалгалт хийх хүсэлт гаргасныг эрх баригчид эсэргүүцэж одоо болтол шалгалт хийлгэхгүй байна.

УИХ, ЭЗБХ-ны дарга нар аа, Монголын ард түмэн татвараараа бүрдүүлсэн мөнгөө юунд зарцуулж байгаагаа УИХ дахь сөрөг хүчнээрээ дамжуулан мэдэх эрх бий юу?

Монгол банк, Засгийн газар хоёр хүзүү сээрээрээ хэт холбогдож, банк нь Засгийн газрын түрийвч маягаар, төрийн хяналтаас гадуур ажиллаж болохгүйг хууль шаардаж байна, улсаараа дампуурсан орнуудын түүх харуулж байна.

Төв банкны хуулиар олгогдсон хараат бус бодлогын дархлаа хэтдээ алдагдана гэдгийг сануулж байна.

Хөрөнгө оруулалтын гадаад орчин муудаж бүс нутаг, дэлхийн хөгжлийн үндсэн сүлжээ, дэд бүтэц, төмөр замын чиглэлд Монгол Улсыг хамруулах талаар улс төрийн нам хүчнүүд, Засгийн газрын яамдууд нэгдсэн, урт хугацааны тодорхой бодлого гаргахгүй бол бид энэ хүрээний гадна үлдэх хандлага илт ажиглагдаж байна. Гэтэл бид урагшаа харж хамт ажиллахын оронд өмнөх Засгийн газар, МАН, тэр үед байгуулсан гэрээ, хэлэлцээр рүү бурууг чихэж, эргэж ноцон эцэст нь нөгөө л байсан газраа эргэн бууж цаг алдаж байгаадаа  дүгнэлт хийх хэрэгтэй байна.

УИХ-ын дарга энэ оны дөрөвдүгээр  сард захирамж гарган Улс орнуудын эдийн засгийн байдал, манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар, түүнийг даван туулах арга зам, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг Ажлын хэсэг удирдамжын дагуу ажлаа хийсэн дүгнэлтээ УИХ-ын даргад танилцуулсан. Дүгнэлтийг УИХ-аас Засгийн газарт хүргүүлж олон нийтэд танилцуулсан байх хангалттай хугацаа өнгөрлөө. Гэтэл энэ ажил одоо болтол хийгдсэнгүй. Дүгнэлтэд дурдагдсан бодлого үйл ажиллагааны алдаа дутагдлыг нуун дарагдуулах нь АН-д, эрх баригч олонхид хэрэгтэй байж болох ч Монгол Улсын эдийн засагт учраад бүй хүндрэл бэрхшээлийг даван туулахад саад болж байгааг анхааруулж түүнийг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэхийг ШААРДАЖ байна.

Ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга “Өмнөх УИХ тооцоо, судалгаа муутай хууль баталснаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна” гэж хэллээ. Ямар боловч эдийн засагт хүндрэл, бэрхшээл учирсныг хүлээн зөвшөөрлөө.

Аливаа хуулийг тооцоо, судалгаа сайтай хийхийг анхаарууллаа. Харин хүндрэл бэрхшээлийн шалтгааныг нь зөвхөн өмнөх УИХ-ын баталсан нэр бүхий хуультай холбосныг хариуцлагыг өнөөгийн эрх баригчдаас холдуулах гэсэн байр суурь гэж Бүлэг үзэж байна. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээл эрх баригчдын явуулж буй бодлогын болоод ажлын арга барилын алдаанаас үүдэлтэй гэж бид дүгнэж байна.

 Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй хуулиудын хувьд эдгээр нь байгаль орчин, амьдрах орчинд ээлтэй, хөгжлийн өнөөгийн шаардлагуудыг хангасан хөрөнгө оруулалт, хариуцлагатай ил тод уул уурхайг дэмжсэн эрх зүйн акт байх ёстой. Нөгөө талаар, хуулиудыг зөвхөн түр зуурын бэрхшээлээс гарах нэг удаагийн арга биш, улс орны аюулгүй байдал, нэгдсэн бодлого, бодлогын уялдаа холбоог хангасан удаан хугацаанд тогтвортой мөрдөгдөх, ойлгомжтой эрх зүйн орчны бүрэлдэхүүн байх талаас нь онцгой анхаарах ёстой гэж үзэж байна.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хууль бүрээр бүлгийн гишүүд, ажлын хэсэг санал, дүгнэлт, байр сууриа илэрхийлэх болно.

Эрээ цээргүй улстөржилт, намчирхал, төрийн албаны доройтол;

Хуулийг гууль гэж үзэж өөгшүүлж байгаа Засгийн газар, улс төр, эдийн засагт үүссэн аливаа асуудлыг зөвхөн эрх баригчдын дунд албан тушаал хөрөнгө мөнгөний эрх хуваарилах замаар зохицуулах гэж оролдож ирсэн явуургүй, осолтой арга барил;

Төрийн эрх мэдлийн хуваарилалт бүрэн алдагдаж, УИХ, Засгийн газар дохио зангаагаар ажиллаж ирсэн байдал;

Хууль эрх зүй, үйл ажиллагааны тогтворгүй байдал, үүнээс үүдэн дотоод гадаадын баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдын дунд үүссэн төр, засагт үл итгэх байдал нийлээд өнөөгийн манай хүндрэлийн хөрс суурь болж ирлээ гэж бүлэг дүгнэж байна.

Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийж нэг жилийн дотор улс орныг дээрх нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар, холбогдох яамд, Монгол банкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс шаардаж байна.

Бид нийтлэг эрх ашгийн төлөө зөвийг дэмжиж, бурууг засаж хамтран ажиллана.

Хариуцлага тооцоогүйгээс улбаалан үүсэж болох алдаа, сөрөг үр дагаврын хариуцлагыг олонхи үүрэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш