“Eurasia Capital” группийн захирал Алишер Алитай ярилцлаа.
-Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд хийнэ гэж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ нь Монголын хувьд үнэхээр түүхэн үйл явдал болно гэж би үздэг. “Эрдэнэс Тавантолгой” нь IPO хийснээр Монголын анхны “Үндэсний аварга” төрөхөөр байгаа юм. Хэмжээ болон ач холбогдлыг нь авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.долларт хүрсэн Оросын “Газпром”, 168 тэрбум ам.доллараар үнэлэгддэг Бразилийн “Vale”, 90 тэрбумын Хятадын “Shenhua Group”, 12 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Казахстаны “Kazakhmys” зэрэг компанитай дүйцэхээр байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н IPO Монголын ард түмний амьжиргааг дээшлүүлж, Монголын хөрөнгийн бирж сайжрахад нөлөөлж, Монголын эдийн засгийн урт хугацааны эрчимтэй өсөлтийн гол хөшүүрэг болно гэдэгт би итгэдэг.
-Гэхдээ Монголын эдийн засгийн форумын үеэр Та “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эхлээд дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах хэрэгтэйг онцолж байсан шүү дээ. Үүнийгээ манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-“Үндэсний аварга” компанидаа монголчууд юуны түрүүнд хөрөнгө оруулах боломжтой байх нь чухал шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит томоохон компанийн үндсэн бүртгэлийг Монголын хөрөнгийн биржид хийх нь улс орны хөгжилд ч чухал гэж би боддог. Ингэснээр хөрөнгийн баялаг Монголын дотоодын зах зээлд бий болно. Монголын Засгийн газар, компаниуд болон хувь хөрөнгө оруулагчид дотооддоо хөрөнгө оруулж, үндэсний баялгийнхаа үр шимийг шууд хүртэх боломжтой болох юм.
Нэг жишээ татъя л даа. Манай “Silk Road Mongolia” индексийн (Гадаад, дотоодын биржүүд дээр бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хувьцааны ханшийг харуулдаг энэхүү индексийг “Eurasia Capital” гаргаж буй) сагсад багтдаг 31 компанийн 22 нь Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг болон Австралид хувьцаагаа арилжаалж байна. Эдгээр 22 компани 36 тэрбум ам.долларын баялгийг олон улсын зах зээлд буюу Монголоос гадуур бий болгочихоод байна шүү дээ. Энэ нь мэдээж том амжилт, гэхдээ монголчуудын оролцоо хязгаарлагдмал бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид л хамгийн их ашгийг хүртсэн байгаа юм. Гэтэл Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг 300 гаруй компанийн зах зээлийн нийт үнэлгээ ердөө хоёр тэрбум ам.долларт хүрч байх жишээтэй. Харьцуулаад үз л дээ.
Харин “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит томоохон компанийн хувьцааг дотооддоо гаргаснаар томоохон хөрөнгө оруулалтын банк, брокерийн пүүс, зөвлөгөөний компани гэх мэтийн зах зээлийн олон бүрэлдэхүүнийг цогцоор нь бий болгох, хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь мэдлэгт суурилсан, оюунлаг санхүүгийн үйлчилгээний салбарыг үүсгэх, өндөр ур чадвартай боловсон хүчнийг олноор нь бий болгох сайн талтай. Энэ нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох Засгийн газрын бодлоготой ч нийцэх юм шиг санагддаг шүү.
-Монгол шиг хөгжиж буй орон дотоодын хөрөнгийн зах зээлээ амжилттай хөгжүүлсэн туршлагаас Та тодорхой жишээ дурдаж болох уу?
-Дотоодын зах зээлдээ ач холбогдол өгөхийн давуу талыг бид Малайзын жишээнээс харж болох байх. Тус улсын үүрэн холбооны томоохон оператор болох “Maxis Communications” 2009 оны арваннэгдүгээр сард дотоодынхоо буюу Куала Лумпурын хөрөнгийн биржид IPO хийсэн нь маш амжилттай болсон юм. Нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгохдоо олон улсын “Credit Suisse”, “Goldman Sachs” болон “JPMorgan” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон банкнаас тусламж авч, 3.3 тэрбум ам.доллар босгосон байдаг.
“Goldman Sachs” энэхүү IPO-д андеррайтераар оролцохын тулд ганц сарын дотор Малайз улсад салбараа нээсэн гээд бод доо. Малайзын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн таван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, эдүгээ 270 тэрбум ам.долларт хүрсэн нь төрийн өмчит компаниудынхаа хувьцааг дотооддоо арилжаалдгаас үүдэлтэй болов уу. Тус улсын ихэнх компани зөвхөн “гэртээ” хувьцаагаа арилждаг бөгөөд энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдыг огтхон ч үргээдэггүй. Харин ч гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн Куала Лумпурын хөрөнгийн биржээс л Малайзын компаниудын хувьцааг авах боломжтой байдаг тул энэ зах зээлд хөрөнгө оруулалт их орж ирдэг юм.
Ер нь “Эрдэнэс Тавантолгой” үндсэн бүртгэлээ гадаадад хийвэл алдаа болж, Монголын хөрөнгийн биржийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж мэдэхийг Казахстаны жишээ ч харуулах байх. Тус улс өмнө нь хийсэн алдаатайгаа одоо хүртэл тэмцсээр. 2005 оноос Казахстаны компаниуд Лондоны хөрөнгийн биржид идэвхтэй нэвтрэх болсон юм. Ялангуяа тус улсын “үндэсний аварга” болох ENRC болон “Kazakhmys” (эдүгээ хоёул FT-100 индекст багтаж байгаа) Лондонд IPO хийсэн нь хамгийн том 100 компанийнх нь тоонд орчихоод байгаа. Гэтэл өнөөдөр Казахстаны компаниуд дотоодынхоо хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн ч гэлээ энэ нь зүгээр л “хэлбэрдэлт” болж хувираад байна.
Яагаад гэвэл Казахстаны компаниудын хувьцааны 95-99 хувь нь Лондонд л арилжаалагддаг. Гадаадын хөрөнгө оруулагчид Казахстаны компаниудын хувьцааг Лондоноос авах нь хамаагүй хялбар учир Казахстаны хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Ингээд арилжааны хэмжээ нь өчүүхэн, идэвхгүй тул Казахстаны хөрөнгийн зах зээл хөгжөөгүй өдий хүрлээ. Монголчууд энэ орны 5-6 жилийн өмнөх алдааг битгий давтаасай гэж боддог. Үүнийг тойрч гарч чадна гэдэгт ч итгэдэг.
-Гэхдээ Монголын Засгийн газар зөвхөн олон улсын хөрөнгийн зах зээлээс л их хэмжээний мөнгө төвлөрүүлж чадна гэж үзээд байгаа шүү дээ…
-Хэрвээ төгс ертөнц гэж байдаг сан бол Монголын компаниуд зөвхөн Монголын хөрөнгийн биржид л бүртгэлтэй байх хэрэгтэй болов уу. Мэдээж үүнийг бодит бус, боломжгүй гэж үзэх хүн цөөнгүй гарах байх. Яагаад гэвэл Монголын хөрөнгийн бирж жижиг учраас гадаадын хөрөнгө оруулагчид Лондон эсвэл Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулахыг илүүд үзнэ гэх байх л даа. Мэдээж Монголын хөрөнгийн биржийг олон улсын стандартад хүргэхийн тулд их хөдөлмөр, хугацаа шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г цаг алдалгүй хийхийг хүсч байгаа бол тус компанийн хувьцааг эхэлж Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд, хадгалалтын сертификат (Depository Receipts) гэдэг санхүүгийн хэрэгслийн тусламжтайгаар Лондон болон Хонконг зэрэг хөрөнгийн биржид давхар бүртгүүлж болно шүү дээ. Эдгээр хадгалалтын сертификат нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд суурилсан байх юм. Энэ арга Бразил, ОХУ, Хятад, Вьетнам зэрэг хөгжиж буй зах зээлийн компаниудын дунд өргөн дэлгэрч байгаа юм.
-Улстөрчдийн шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувийг иргэдэд үнэгүй тараах болсон. Энэ тухай Та юу гэж боддог вэ?
-Би хувьдаа энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл улсынхаа байгалийн баялгийг эзэмшиж байна гэсэн санааг нийт иргэдэд шууд хүргэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газар цаашид дэмжээд өгвөл иргэдийн санхүүгийн мэдлэг өндөр болно. Монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болж байгаа учраас түүнийгээ удирдан, шийдвэр гаргах туршлага сууна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд илүү идэвхтэй оролцож эхлэх болов уу. Ер нь зүгээр бэлэн мөнгө тарааснаас хувьцаа тараах нь хамаагүй дээр гэж би үздэг.
-Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр Монголын хөрөнгийн зах зээл шалгарсан, өнгөрсөн онд. Энэ байдал цаашид үргэлжлэх болов уу?
-Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржийн Топ 20 индекс 138 хувиар өсч, нийт зах зээлийн үнэлгээ нь түүхэндээ анх удаа нэг тэрбум ам.доллараас давсан. Ирэх жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл өндөр өсөлт үзүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Урт хугацаанд өсөлт тогтвортой үргэлжилнэ гэж бодож байна. Гэхдээ богино хугацаанд гарч болох эрсдэлүүдийг мартаж болохгүй.
Монголын хөрөнгийн зах зээл одоогоор сул хөгжсөн байгаа бөгөөд үнийн хэлбэлзэл хэт их гарч байна. Саяхан ажиглагдсан огцом өсөлтөд л гэхэд нүүрсний дөрөв, уул уурхайн бус нэг гээд ердөө таван компани нөлөөлсөн байх жишээтэй. Хэдийгээр өндөр өсөлт ажиглагдаж байгаа ч эргэлтэд байгаа хувьцааны тоо болон арилжааны хэмжээ хэт бага байна шүү дээ. Мөн шинээр IPO хийхгүй байгаагийн зэрэгцээ зах зээлд спекулятив шинж чанартай арилжаа их хийгдэж байгаа. Иймэрхүү хүндрэл байгаа ч компанийн засаглал, тунгалаг байдлыг сайжруулж, шинэ IPO-нууд гарган туслах салбарыг хөгжүүлснээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр татах болов уу. Энэ ч утгаараа Лондоны хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн түншлэл нь урт хугацааны эерэг нөлөө бүхий маш чухал алхам болсон гэж үздэг.
Лондоны хөрөнгийн бирж нь гаднын улсын, тэр тусмаа Монгол шиг шинээр хөгжиж буй орны хөрөнгийн биржийг шууд удирдан ажиллуулж байсан тохиолдол байхгүйг энд онцолмоор байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Лондоны хөрөнгийн бирж энэхүү хамтын ажиллагаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Энэ хамтын ажиллагаа Монголын хөрөнгийн биржийг дотоодын компаниудын хувьд хөрөнгө босгох таатай талбар, иргэдийн хувьд баялгийг оновчтой хуваарилах зөв суваг болгож чадна гэдэгт итгэдэг.
-Танай компаниас гаргасан “Mongolia Outlook 2011” тайланд энэ онд Монголын эдийн засаг 10 хувиар өснө гэсэн байсан. Ер нь үсрэнгүй хөгжилд хүрнэ гэж монголчууд итгэдэг. Харин Та?
-Тийм ээ, би Монголын эдийн засгийн төлөвийг эергээр харж байгаа. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг 6.1 хувиар өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар буюу бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрсэн. Түүнчлэн экспорт 54 хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш 13 хувиар чангарлаа. Ирэх жилүүдэд Монголын эдийн засаг илүү хурдтай өснө гэдэгт би итгэлтэй байгаа. Манай компанийн таамаглаж буйгаар 2011 онд Монголын эдийн засаг 10 хувиар өсч, өсөлтөөрөө дэлхийд нэгдүгээрт биш юм аа гэхэд эхний гуравт жагсах болов уу.
Эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийн гол хүчин зүйлүүдийн нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалт, ашигт малтмалын өндөр үнэ болон тэдгээрийн экспортын өсөн нэмэгдэж буй эрэлт байх төлөвтэй. Түүнчлэн Засгийн газрын зарлага ихээхэн тэлж байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Урт хугацаанд буюу ирэх 10 жилийн турш Монголын эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийн тоонд зүй ёсоор багтана гэж боддог. Ер нь Монгол Улс маш сонирхолтой цаг үедээ ирээд байна.
Эх сурвалж: "MONGOLIAN ECONOMY" сэтгүүл