“Цахилгаан тээвэр’’ ОНӨААТХГ- ын Ашиглалтын албаны дарга М.Гэрэлчулуун, Троллейбусны хэсгийн дарга Л.Даринчулуун, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Д.Батнасан, Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Н.Янжаа нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөн, зорчигчдын урсгал эрс нэмэгдэх үед нийслэлийн Засаг дарга цахилгаан тээврээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх захирамж гаргасан. Энэ дагуу “Цахилгаан тээвэр” компани өнгөрөгч сарын 26-31-ний хооронд ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчилсэн билээ. Уг үйлчилгээ замын ачааллыг бууруулах зогсохгүй иргэдийн талархлыг хүлээсэн. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн “Цахилгаан тээвэр” компани нийслэлийн удирдлагуудтай нийлж мөнгө угаасан гэх гүтгэлэг хэвлэлээр цацагдах болсон юм. Үүнтэй холбоотойгоор бодит мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарласан аж.
Тэд “Хэвлэл мэдээллээр биднийг дөрвөн тэрбум төгрөг хувааж идсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энэ бол ор үндэсгүй зүйл юм. Бид иргэдээ дээдэлсэн үнэгүй үйлчилгээг хүргэхийн тулд хичээж ажилласан, үүнийг маань үгүйсгэж ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна. “Цахилгаан тээвэр” компанийн 600 гаруй ажиллагсдыг гүтгэхээ болих хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Түүнчлэн “Бид ашиг төлөвлөдөг хувийн хэвшлийн байгууллага биш, харин өртөгт тааруулж үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит байгууллага юм. Мөн өнгөрсөн өдрүүдэд бид 1.5 дахин хүчээ нэмэгдүүлж ажилласан. Энгийн үед өдөрт 36 тээврийн хэрэгсэл ажилладаг байсан бол энэ өдрүүдэд 50 троллейбусыг шугаманд явуулсан” гэлээ.
Мөн энэ үеэр ОНӨААТҮГ-ын троллейбусны хэсгийн дарга Л.Даринчулуун хэлэхдээ “Энгийн үед бид өдөрт хоёроос гурван сая төгрөгийн орлоготой ажилладаг байсан. Харин өнгөрсөн өдрүүдэд иргэдэд үнэгүй үйлчилсний алданги 73 сая төгрөгийг улсын төсвөөс авахаар тусгуулаад байгаа. Учир нь 14 тээврийн хэрэгсэл нэмж, 4500 шугамын цаг ажилласан. Ойролцоогоор 529 мянган хүн тээвэрлэсэн бөгөөд нэг хүнийг 138 төгрөгөөр зорчуулсан’’ хэмээн мэдэгдлээ.
Анхнаасаа талууд гэрээ хийхдээ нэг зорчигчийг 138 төгрөг 21 мөнгөөр тээвэрлэхээр алданги тооцжээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд үнэгүй үйлчилсэн хоногийн алданги 73 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж өгөх юм байна. Гэхдээ өнөөг хүртэл алдангийг гаргаж өгөөгүй байгаа юм байна. Тиймээс ор үндэсгүй гүтгэлгээ зогсоохыг хүссэн юм.