Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн лхагва гарагт нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний ажилд гардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмаг байдгаас үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл учирдаг, гадаадын ажиллах хүчний квотын асуудал дээр уян хатан бодлого үгүйлэгдэж байгаа тухай ярьж байлаа.
Газрын дарга Б.Пүрэвдорж байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай болгох зорилгоор хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулахаар ажиллахын зэрэгцээ төвд төвлөрсөн эрх мэдлийг хил, орон нутагт шилжүүлэх зохицуулалт хийж байгаа талаар танилцуулав.