Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн захиргааны тухай болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Төсвийн хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн, харин Шүүхийн захиргааны хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж заасан. Энэ нь шүүхийн нэгдмэл байх зарчим, шүүхийн шинэтгэлийн гол үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа юм. Тиймээс энэ зөрчлийг арилгах үүднээс хуулийн төслийг боловсруулснаа салбарын сайд хэлж байна. Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлийн төвийн 6 дүүргийг 2 бүсэд хуваасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож байгаа юм. Шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх ,Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулах шүүхүүдийг байршуулах Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчих нөхцөл байдал үүсч байгааг салбарын сайд хэллээ.