logo
2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээг авна

2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээг авна

2013/09/23
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар буюу 349.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Нэгдсэн төсвийн гол орлогыг бүрдүүлдэг улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого төлөвлөснөөс 6.2 хувиар бага буюу 158.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импорт болон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ, биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан нь төсвийн орлогын тасалдалд хүргэсэн үндсэн хоёр шалтгаан болж байна.

Иймээс 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд урсгал зардлын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнд:

·      Төсвийн захирагч нарыг 2013 оны 9 дүгээр сараас он дуусталх хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, өмнөх саруудад ашиглагдаагүй зардлыг хэмнэх,

·      Төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүй, төсвийн сахилга батыг хатуу сахих, зардал хэмнэх боломжийг дайчлах,

·      Зардлыг санхүүжүүлэхдээ төсвийн орлогын эх үүсвэртэй уялдуулан үе шаттай санхүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд бууруулах, хойшлуулах зэрэг төсвийн шуурхай зохицуулалтыг хийж ажиллах,

·      Төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хууль, тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоох,

·      Хөрөнгө оруулалтын ажлыг 2013 онд багтаан гүйцэтгэх боломж, ажлын стандарт, чанарт тавигдах шаардлага зэргийг харгалзан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй байгаа шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эхлэх хугацааг хойшлуулах,

·      Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн ажлын явц удааширч төсөвлөгдсө хөрөнгөө бүрэн ашиглах боломжгүй болсон баригдаж буй барилга, байгууламжийн ажлыг түр зогсоох.

Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, нөөц бололцоог дайчлан ажиллахыг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт болон хуулиар үүрэг хүлээсэн бүх төсвийн захирагч нарт даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш