logo
Уриалга

Уриалга

2013/09/23

Монгол Улсад өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг үүсгэн, улс үндэснийхээ хөгжлийн шинэ гарцыг тодорхойлох үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зүтгэж байгаа Цахилгаан тээвэр компанийн хамт олон болон захирал Д.Жаргалсайхан хотын удирдлагуудтай хуйвалдан нэг троллейбусанд өдөрт 10.0 сая төгрөг, 50 троллейбусанд 500.0 сая нийт дөрвөн тэрбум төгрөг угаасан гэх гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалтай цацаж байгаад гүнээ харамсаж байна.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн Засаг даргын А/782 тоот захирамж гарч Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ, “Аз сервис” ХК-иудын 50 троллейбус найман өдөр 4500 цаг ажиллаж нийт 529694 зорчигчийг үнэгүй тээвэрлэсэн.

Зорчигч урсгалын судалгааны үндсэн дээр Нийслэлийн Төрийн сангаас 73.2 сая төгрөг авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээ аваагүй байгаа ба нэг зорчигчийг 138 төгрөгөөр тээвэрлэж 61 төгрөг буюу нийт 32.311,300 алдагдал хүлээж ажилласан.

Мөн 2013 оны Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 10 ширхэг JEA-800D загварын Монбус үйлдвэрлэх 2.1 тэрбум төгрөгийн тендерт манай компани оролцон ялж энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ширхэг JEA-800D загварын Монбусыг 1.2-2.0 тэрбум төгрөгийн өртгөөр үйлдвэрлэж байна гэж гүтгэх нь ор үндэслэлгүй юм.

Энэхүү JEA-800D загварын Монбусны үйлдвэрлэлийн төслийг 10-аад инженертэй Техникийн зураг зүй, технологийн товчоо, 60-аад ажилчинтай Троллейбусны үйлдвэрийн хамт олон амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

Цахилгаан тээвэр компанийн үйл ажиллагаанд Нийслэлийн аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын газар, Гаалийн ерөнхий газруудын хяналт шалгалтууд хийгдэж зохих дүгнэлтүүд  гарч удирдах шатны байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд гарсан зөрчлүүдийг арилган, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн ажилтан ёс зүйгээ умартан Цахилгаан тээвэр компанийн эсрэг төлбөрт захиалгат телевизийн нэвтрүүлэг, мэдээллүүдийг удаа дараа гаргаж байна.

Иймд хэвлэл мэдээллийн эдгээр байгууллагуудыг манай компани дээр ирж сурвалжлага хийж үнэн зөв, бодит мэдээлэл авахыг хүсэн урьж байна.

Агаар орчин бохирдуулдаггүй, ашиглалтын зардал бага, хямд үнэ тарифтай цахилгаан тээврийн үйлчилгээг ард иргэддээ хүргэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа хамт олон бидний нэр хүндийг гутаасан үйл ажиллагаандаа уучлал гуйж залруулга гаргахгүй бол нэр төр сэргээлгэхээр хуулийн хяналтын байгууллагад хандах болно.

Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

 
Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захиргаа
Үйлдвэрчний Эвлэл
2013-09-21
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш