logo
Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2013/09/24
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 2013-09-23/ Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг байлцав.

Монгол Улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг Франц Улстай гуравдагч хөршийн идэвхтэй хамтын ажиллагааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Франц Улс 2010 онд манай улсыг Ази тив дэх өөрийн “тусгай түнш”-ээ хэмээн тодорхойлсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр түвшний илэрхийлэл болж байгаа бөгөөд саяхан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас зохион байгуулсан “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт Дугуй ширээний уулзалтад Францын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга ирж оролцсон, мөн Монгол Улсад 5-р цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтад Франц Улсын оролцоотой консерциум тэргүүлж Монгол Улсын Засгийн газартай “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулсан, түүнчлэн Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани уран олборлолтоор хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай байгууллага болох Францын “Арева” групптэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа зэрэгт УИХ-ын дарга сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Ф.Пилье хэлэхдээ, энэ өглөө Улаанбаатарт онгоцоор хүрэлцэн ирэх замдаа танай орны цэлмэг хөх тэнгэрийг харах сайхан байлаа, мөн Монгол Улс үнэхээр хөдөө аж ахуйн орон болохыг харж явлаа. Энд хүрэлцэн ирсэн манай Сенатын гишүүн нөхөд маань хөдөө аж ахуйн салбарт илүү анхаарч ажилладаг хүмүүс, тиймээс бид Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар аль болох ихийг мэдэж авах хүсэлтэй байна гэдгээ хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш