"Монгол улсад 1993 онд Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж, мөрдсөнөөс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалд сайн муу талууд байсан. Сайн нь гэвэл, эрүүл мэндийн даатгалд иргэдийн 90 хувь нь хамрагдсан.
Сул тал нь даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалаас үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангаж чаддаггүй. Товчхондоо даатгуулагч маань хуулийн үйлчлэлийн гадна талд орхигддог.
Эрүүл мэндийн даатгалын санг даатгуулагчийн оролцоогүйгээр, хөндлөнгөөс хаа хамаагүй хүмүүс шийдэж ирсэн. Энэ утгаараа бид Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэн найруулсан төслийг өргөн барьсан. Мөн эрх зүйн ямар зохицуулалтыг түлхүү оруулах вэ гэдгийг хэлэлцэх үүднээс олон улсын туршлагатай байгууллагуудаас зөвлөгөө авах зорилгоор саяхан хуралдлаа.
Гол нь хуулийн зохицуулалтын гадна үлдсэн даатгуулагчийн эрхийг хамгаалж, даатгуулагч төвтэй хууль эрх зүйн тогтолцоог бий болгохыг зорьж байна. Ингэснээр даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгодог, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээ захиран зарцуулдаг болох юм." хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.