logo
Д.Ганхуяг: Чалкогийн өрийг энэ жилд багтаан 3 сая тонн нүүрсээр төлж дуусна

Д.Ганхуяг: Чалкогийн өрийг энэ жилд багтаан 3 сая тонн нүүрсээр төлж дуусна

2013/09/26

 “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараах зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн дахин санхүүжилтын асуудлаар ярилцахаар Лондонг зориод байгаа. Уулзалтын үр дүнг мэдээллэх боломж байна уу?

-Лондонд өнөөдрөөс эхлэн уулзалтад орж байгаа. Асуудлаа хэлэлцсэний дараа мэдээлэл өгөх байх. Одоогоор бидэнд ирсэн мэдээлэл алга.

   -Урт нэртэй хуулиас болж иргэний нийгмийн байгууллагын хэсэг хүмүүс зэвсэг барин тэмцээд хоригдлоо. Уул уурхайн сайдын хувьд тэдэнтэй уулзаж урт нэртэй хуулийн тухай ойлголт өгч байв уу. Хуулийн төслийн талаар буруу ойлголттойгоос болж ийм байдалд хүрлээ гэсэн шүүмжлэл байна?

- Ц.Мөнхбаяр тэргүүтэй  "Гал үндэстэн холбоо"-ныхонтой уулзаж урт нэртэй хуулийн төслийг танилцуулсан. Яг тэр асуудал болдог өдрийн өглөө надад бичгээр санал ирүүлсэн. Байгаль орчны төрийн бус байгууллагынхантай хоёр удаа уулзах санал тавьсан. Тэд нэг уулзалтад нь л  ирсэн. Урт нэртэй хуулинд өөрчлөлт ороогүй байна. Дагаж мөрдөх хууль таван сарын дотор хэрэгжүүлнэ гэсэн нь хэрэгжээгүй. Уг хууль хэрэгжээгүй юм чинь үүнийг өөрчлөхөөс өөр аргагүй шүү дээ.

-Гурван сайдын хамтарсан Оюу Толгой компанид хийж байгаа шалгалтын дүн хэзээ гарах вэ. Баяжуулах үйлдвэрийг илүү өртгөөр барьсан гэдэгт баримтын шалгалт хийж байгаа тухай хэвлэлийнхэн мэдээлсэн. Энэ тухайд?

-Тус компанид Сангийн сайд, Шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан баримтын шалгалтын хяналтын ажлын хэсэг ажиллаж байна. Баримтын шалгалтыг хөрөнгө оруулагч компанитай ярилцаж байгаад оруулсан. Эцсийн үр дүн гараагүй учраас  мэдээлэх боломжгүй. Хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаас өмнө нэг тэрбум ам.доллар, гэрээ байгуулснаас хойш дөрвөн тэрбум ам.доллар буюу нийт таван тэрбум ам.доллараар баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл гэрээнд зааснаас зардал нэлээн өндөр гарсан учраас энэ шалгалтыг хийж байгаа юм.

-Чалко компанийнхантай та өчигдөр уулзсан. Хэр нааштай уулзалт болов оо?

-Чалкогийн өрийг энэ жилд багтаан гурван сая тонн нүүрсээр төлж дуусна. Эхлээд эдийн засгаа бий болгосноор “Эрдэнэс таван толгой” компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Хоёр дахь асуудал нь харилцан саналаа хэлэлцээд ойлголцолд хүрч болно гэдгийг “Чалко” компанийн ерөнхийлөгч онцолсон. Манай талаас чанартай бүтээгдэхүүн нийлүүлнэ. Аль болох олон улсын зах зээлийн үнээр манай бүтээгдэхүүнийг худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.

Б.Заяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш