logo
АНУ-аас 5,1 сая ам.долларын санхүүжилт авах гэрээ байгуулна

АНУ-аас 5,1 сая ам.долларын санхүүжилт авах гэрээ байгуулна

2013/09/26

 Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Чен нар маргааш АНУ-аас Монгол Улсад 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох гэрээ байгуулах гэж байна.

Тодруулбал хоёр улсын Засгийн газар хоорондын Стратеги зорилтын буцалтгүй тусламжийн “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах”, “Ардчиллын стратеги зорилтыг хангах” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тус тус гарын үсэг зурах юм байна.
"Эдийн засгийн өсөлтийг дэмжих" стратегийн зорилт бүхий буцалтгүй тусламжийн гэрээний хүрээнд “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн 2 дугаар үе шатыг санхүүжүүлэх аж. Уг төсөл нь бизнес эхлүүлэх, хил давуулан худалдаа наймаа хийх, барилгын зөвшөөрөл авах, татвар төлөх зэрэг бизнесийн салбарт таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.  
"Ардчиллын стратеги зорилтыг хангах" буцалтгүй тусламжийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр олгож буй хөрөнгөөр Азийн Сангаар дамжуулан хэрэгжүүлдэг “Ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх“ төсөл болон Мерси Кор олон улсын байгууллагаар хэрэгжүүлдэг “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслүүдийг тус тус санхүүжүүлэх юм байна. Эдгээр төсөл нь Засгийн газрын чадавхийг дээшлүүлж, иргэний нийгмийг бэхжүүлэх замаар үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, авлигатай тэмцэх, сайн засаглалыг дэмжих үр дүнтэй гэж тодотгож байгаа юм.
1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад нийт 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.

Н.Гантуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш