logo
“Эд хөрөнгийн бүртгэлийг ажлын ес хоногийн дотор гүйцэтгэнэ”

“Эд хөрөнгийн бүртгэлийг ажлын ес хоногийн дотор гүйцэтгэнэ”

2013/09/26
Хувь хүн эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой, бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Өнөрлхамаас тодрууллаа.

-Иргэд эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
-Иргэн хуулийн этгээд нь эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр эд хөрөнгийн хууль ёсны эрх нь баталгааждаг. Өөрөөр хэлбэл, газар, үл хөдлөх хөрөнгө, барилга орон сууцыг биет бус байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах, бусдад худалдах, барьцаалах, үр хүүхэддээ өвлүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг.

Монгол Улсын иргэн эд хөрөнгөтэй бол түүнийгээ заавал бүртгүүлнэ гэж хуулиар заагаагүй боловч бүртгүүлэх нь тухайн иргэнд маш чухал ач холбогдолтой. Хэрэв бүртгүүлээгүй бол тухайн эд хөрөнгө нь үхмэл болж далд эдийн засгийг үүсгэж байдаг. Тиймээс эд хөрөнгөө ашиглаж үр шимийг нь хүртэхийн тулд улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой.

-Эд хөрөнгөө бүртгүүлэхэд тухайн зүйлээсээ шалтгаалаад янз бүрийн материал бүрдүүлдэг байх. Тухайлбал, хашаа байшин, хувийн сууцаа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
-Бүртгүүлж байгаа эд хөрөнгийн төрлөөсөө хамаараад өөр, өөр бичиг баримт бүрдүүлдэг. Хашаа байшин, хувийн сууц, өмчилсөн газар, эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээ, арилжааны болон худалдах гэрээ хийж байгаагаас хамаарч бүрдүүлэх баримт бичиг нь харилцан адилгүй. Хашаа байшин, хувийн сууцны хувьд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл бичих шаардлагатай. Тухайн өргөдөлд эд хөрөнгөө хэдэн онд бий болгосон, одоо хэдэн хүний өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил хэмжээ, өмчлөгч өөрөө үүнийг тодорхой бичиж заавал гарын үсэг зурна.

Түүнчлэн тухайн эд хөрөнгийнхөө газар эзэмших эрхийн гэрчилгээ буюу газар өмчлүүлэх шийдвэр нь байх хэрэгтэй. Хэрэв газраа өмчилчихсөн бол хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг, өмчлөгчдийн цахим үнэмлэхний хуулбар, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хашаа байшин, хувийн суууцныхаа дөрвөн талаас нь бүтэн харагдуулж авсан зураг байна.

Зурагнуудаа бичгийн цаасан дээр нааж дор нь тайлбар бичдэг. Тайлбарт зүүн, баруун, хойд, урдаас харсан байдал гэдгийг бичих юм. Мөн хашаа байшин, хувийн сууцны план зургаа тус тус бүрдүүлж ирэх хэрэгтэй. Манай байгууллага дээр ирээд мэдүүлэг бөглөөд, үйлчилгээний хураамж төлдөг. Хураамжийг өргөдөлд тусгасан үнийн дүнгийнхээ 0.01 хувиар тооцож төлдөг байгаа.

-Эдгээр материалуудыг бүрдүүлж өгснөөс хойш хэд хоногийн дотор бүртгэл бүрэн хийгдэж дуусдаг вэ?

-Эд хөрөнгийн бүртгэл хийлгэх мэдүүлэг хүлээн аснаас хойш ажлын ес хоногийн дотор бүртгэнэ. Дашрамд дурьдахад, материалаа бүрдүүлж, ирсэн иргэд мэдүүлгээ үнэн зөв бөглөх хэрэгтэй. Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийн эд хөрөнгийн мэдүүлгийг УБЕГ-ын үйлчилгээний I байрны хоёрдугаар давхарт байрлах мэдүүлэг хүлээн авах цонхонд хандах юм. Харин Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур дүүргийн эд хөрөнгийн мэдүүлгийг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах мэдүүлэг хүлээн авах цонхонд хүлээлгэн өгч байгаа.

Мэдүүлгийг өмчлөгч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болдог. Сүүлийн үед барилгын компаниуд барилга, орон сууцыг ихээр барьж ашиглалтад оруулж байгаатай холбоотойгоор захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх бүртгэл их хийгдэж байгаа.

-Захиалгаар бариулсан орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт нь хашаа байшин, хувийн сууцныхаас өөр байх уу?
-Хашаа байшин, хувийн орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй адил бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар, орон сууц захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь, орон сууцны төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас авсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаяг байна. Уг хаягийг орон сууцыг барьсан иргэн, аж ахуйн нэгжээс авдаг юм.

Түүнчлэн орон сууцны дөрвөн талаас нь бүтэн харуулсан зураг байна. Зурагт өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулах хэрэгтэй. Тэгээд орон сууцны план зураг, мэдүүлэг, үйлчилгээний хураамжийн төлбөр зэрэг баримт бичиг шаардлагатай.

Ж.Отгонмягмар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш