logo
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

2013/09/30

Яамд, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Ерөнхий сайд яамдын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласан нэг жилийн хугацаанд хамтарч үр дүнтэй  ажилласан яамдын удирдлагуудад Ерөнхий сайд баяр хүргээд, цаашид хариуцлагаа улам чангатгахыг  санууллаа.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа зарим барилгууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй, төсөвт өртөг нь нэмэгдэж байгааг жишээ дурдаж анхаарууллаа. Баян-Өлгий аймгийн номын сангийн барилга 2007 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлжээ. Энэ үед тус барилгын төсөвт өртөг 30 сая төгрөг байсан бөгөөд 2007 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар анх гэрээ байгуулсан байжээ.   Номын сангийн барилга эхний төсөвт өртгөөсөө 10 дахин илүүг буюу 390 сая төгрөг зарцуулсан ч өнөөг хүртэл босоогүйн дээр дахин 452 сая төгрөг шаардаж байна.  Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилга 2007 онд 1,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлсэн ч өнөөдөр дуусаагүй байна. Энэ хугацаанд чуулгын барилгын төсөв 3,5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийм жишээ олон байгааг Ерөнхий сайд хэлээд цаашид хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг яамдын удирдлагуудад үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш