logo
Хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэдэг болно

Хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэдэг болно

2013/10/03

Нийслэлийнхний хувьд томоохон бэрхшээл болоод буй хог хаягдлыг ашиглан эрчим хүч гаргана эрчим хүч, хий гарган авч ашиглах чиглэлээр ХБНГУ-ын “PSE Engineering” компанитай хамтран ажиллахаар болж, Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1,2-1,3 сая тонн хог хаягдал гардаг. Үүний 30 гаруйхан хувийг нь л Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоо/МХХДБҮХ/-ны гишүүн байгууллагууд цуглуулан ангилан ялгаж, боловсруулдаг байна. Харин үлдсэн 70 орчим хувийг ямар ч боловсруулалт хийлгүйгээр ландфилын арга буюу шууд хөрсөнд булдаг. Гэтэл тэрхүү булж устгаж буй хог хаягдлыг ашиглан эрчим хүч, хий гарган авч ашиглах өргөн боломж байдаг аж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэдийнээ нэвтэрч хөгжсөн энэхүү технологийг өөрийн оронд нутагшуулах талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үйлвэрүүдийн холбоо (МХХДБҮХ) -ныхон багагүй хүчин чармайлт гаргаж, судалгаа хийсний эцэст ХБНГУ-ын “PSE Engineering” компанитай энэ чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Хог хаягдлыг дахин боловсруулах талаараа европдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх технологитой германчуудтай Монгол Улсад тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч, хий гарган авах талаар хамтран ажиллахаар болжээ. Тэд эхний ээлжинд Улаанбаатар хот болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа гарган, боловсруулах технологийн шийдлийг сонгох ба энэхүү судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгох юм.

“PSE Engineering” компани нь хог хаягдлыг өндөр температурт нэрж, цахилгаан, дулаан, хий гарган авдаг бөгөөд эрчим хүчээ Цахилгаан станцын шүлжээнд оруулан тухайн хот суурин газрын хэрэгцээнд нийлүүлдэг байна. Ийм төрлийн боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа янз бүр байх ба жижгэвтэр нь л гэхэд жилд дунджаар 45,000 гаруй тонн хог хаягдал боловсруулдаг аж. Харин “PSE Engineering” компани манай улсад жилд 100,000 гаруй тонн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барих боломжтой гэж үзэж байгаа юм.

Ч.Ариунболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш