Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, тусгай шаардлагууд, зарчмуудыг удирдлага болгон боловсрууллаа.
Монгол Улсын 2014 оны төсвийн төлөвлөлтөд баримталсан бодлого
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,270.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.0 хувь), нийт зарлагыг 7,686.3 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.0 хувь) тус тус байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар баталсан.
Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан тусгай шаардлагуудын дагуу ирэх 2014 оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,865.0 тэрбум төгрөг болж, төсвийн хүрээний мэдэгдлээс 405.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7,275.1 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 411.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж ДНБ-ий 2.0 хувьдаа багтахаар байна.
Төсвийн орлогод баримталсан зарчим
Ирэх 2014 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, орлогыг бодитой төлөвлөх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтлалаа.
Мөн бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлдэг байсан өмнөх жилүүдийн жишгийг өөрчилж татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарал хандуулав.
Төсвийн орлогын төслийг боловсруулахдаа 2013 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, төсөөлөл, дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн төсөөлөл, эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэмжээг тухайн төслүүдийн ТЭЗҮ, төлөвлөгөөнд, үнийн төсөөллийг олон улсад нэр хүнд бүхий мэргэжлийн санхүүгийн судалгааны байгууллагаас нийтэд мэдээлсэн үнийн төсөөлөлд тулгуурлан тооцлоо.
Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн зэс, нүүрснээс төвлөрөх орлого нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давсан тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу эдгээр бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлэн тооцож, зах зээлийн үнэ, тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс бий болсон орлогыг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо.
Гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ тогтворгүй, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, мөн хөрөнгө оруулалт, импортын хэмжээ буурах, төсвийн жилийн дундуур орлого бууруулах шийдвэр гаргах нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байгааг онцгой анхаарч байна.
Төсвийн зарлагад баримтласан зарчим
Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын 2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор дараах зарчмыг баримталлаа.
Үүнд:
- Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж 2014 оны төсвийн төслийг 2013 оны түвшинд төлөвлөх;
- Тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх, үр ашиггүй зардлыг төсөвт тусгахгүй байх замаар төсвийн зардлыг тэлэлтийг хязгаарлах;
- Төсвийн байгууллагуудын урсгал зардал, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ ажлын ачааллыг нягтруулах, бүтэц чиг үүргийг оновчтой тогтоох замаар 2013 оны төсвийн түвшинд багтаах;
- Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байхаар төсвийн урсгал зардлыг төлөвлөх;
- Төсвийн ерөнхийлөн захирагч бүр шинээр хэрэгжүүлэх аливаа хөтөлбөр, арга хэмжээний урсгал зардалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлтэй уялдуулан, үр дүн, ач холбогдлыг харгалзан оновчтой эрэмбэлэх замаар төсвийн суурь зарлагын хязгаарт багтаан төсвийн хөрөнгийн дахин хуваарилалт хийх;
- Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтын дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогтой уялдуулан нэмэгдүүлэх тогтолцоог 2014 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэх;
- Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг Төсвийн ерөнхийлөн захирагчид, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг төсвийн орлогын боломжтой уялдуулан тусгах;
- Төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 6,865.0 тэрбум төгрөг, нийт зарлага7,275.1 тэрбум төгрөг, нийт тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний -2.0%-тай байхаар тооцлоо.