Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам 10-р сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газар, соёл урлагийн салбар тэр дундаа кино урлагийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа юм. Наадмыг ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулна. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчидээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцох юм. Монгол киноны хөтөлбөрт нийт 8 уран сайхны, 5 баримтат кино ирснээс дараах Хамба Студи “Улаан дөрвөлжин УСК”, Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч” УСК Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм “Лардьма” УСК, Монгол Фильм, “Аравт УСК”, Сэмүүн Студи “Би монгол хүн”, баримтат кино “Нэрийг минь хэлж өгөөч”, зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ. “Улаанбаатар” олон улсын кино наадмын Зөвлөх хорооны гишүүд 10-р сарын 5-нд Тэнгис кино театрт найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны киногоор нээлтээ хийхээр шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.